ОХУ-ын таван бүс нутагт ажлын бус өдрүүдийг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-11-08 10:18:41

МОСКВА. /TASS/. Новгород, Курск, Смоленск, Томск, Челябинск мужуудын эрх баригчид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор ажлын бус өдрүүдийг 11 дүгээр сарын 8-наас хойш сунгах шийдвэр гаргажээ.


Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны өдрийг дуустал орон даяар ажлын бус өдрүүдийг зарлах тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Ингэхдээ "ковидын цалинтай амралтыг" орон даяар эхлүүлэхээс өмнө зарлах эсвэл дууссаных нь дараа үргэлжлүүлэн сунгах эрхийг бүс нутгуудын эрх баригчдад олгосон байна.


11 дүгээр сарын 14-нийг хүртэл ажлын бус өдрүүдийг дахин долоо хоногоор сунгах тухай зарласан анхны бүс нутаг бол Новгород муж бөгөөд "урт амралтын өдрүүдийг" хуваариас өмнө буюу 10 дугаар сарын 25-наас эхлүүлжээ. Тус мужид коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ дэглэмийг сунгах шийдвэр гаргасан байна. Новгород мужийн Эрүүл мэндийн сайд Реседа Ломовцевагийн мэдээлснээр, бүс нутагт өвчлөлийн байдал "нэлээн хүнд" хэвээр байгаа аж.


Халдварын тархалтын байдал хүнд, иргэдийн вакцинжуулалтын түвшин доогуур байгаатай холбогдуулан Томск мужид ажлын бус өдрүүдийг 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал сунгасан байна. Челябинск, Курск мужуудад ажлын бус өдрүүдийг 11 дүгээр сарын 12-ныг хүртэл сунгасан боловч Курск мужид энэ өдрүүдийг 10 дугаар сарын 25-нд эхлүүлжээ. Курск мужийн захирагч Роман Старовойтын тэмдэглэснээр, хязгаарлалтыг сунгах шаардлагатай байгаа нь коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүдэд өдөрт 6 орчим тонн хүчилтөрөгчийн дутагдалтай байгаатай холбоотой байна.  


Харин Смоленск мужийн эрх баригчид ажлын бус өдрүүдийг 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 10-ныг дуустал сунгасан байна. Тус бүс нутагт бизнесийн хүрээнийхэн хязгаарлалтын арга хэмжээ, тэр дундаа амны хаалт зүүх журмыг зөрчиж байгаа бол 60-аас дээш насны иргэд өөрсдийгөө заавал тусгаарлах журмыг дагаж мөрдөхгүй байгааг мужийн захирагч Алексей Островский онцлон тэмдэглэжээ.


Дээрх бүс нутгуудын эрх баригчид ажлын бус өдрүүдийг сунгаснаар хүмүүс хоорондын харилцаа багасаж, эмнэлгүүдийн ачаалал, коронавирусний халдварын тохиолдлын тоо буурна гэж найдаж байна.


関連ニュース