Ассанж Их Британийн Хууль зүйн сайдыг шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-11-08 13:04:38

ЛОНДОН. /Daily Mail/. “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж болон түүний сүйт бүсгүй Стелла Моррис Их Британийн Хууль зүйн сайд Доминик Рааб, Лондоны “Белмарш“ шоронгийн дарга Женни Луис нарыг гэрлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан хэмээн шүүхэд өгчээ.


Өдгөө Лондоны чанга дэглэмтэй "Белмарш" шоронд хоригдож байгаа, 50 настай Ассанж, 38 настай Морристой таван жилийн өмнө сүй тавьжээ. Тэд хоёр хүүхэдтэй байна.


Ассанж болон түүний сүйт бүсгүй энэ оны тавдугаар сараас эхлэн шоронд гэрлэх зөвшөөрөл авахыг оролдож байгаа аж. Зөвшөөрөл олгохгүй байгаагийн улмаас тэд Их Британийн Хууль зүйн сайд Доминик Рааб, шоронгийн дарга Женни Луис нарыг шүүхэд өгөхөөр шийдсэн байна. Ассанж, Моррис нар тэднийг хүний эрх зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байгаа аж.


Хүчингийн хэрэгт буруутгагдаж байгаа Шведийн талд шилжүүлэн өгөхөөс зайлсхийх зорилгоор Ассанж 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнол хүсэж, тус яаманд долоон жилийн турш амьдарсан юм.


Ассанжийн орогнох эрхийг Эквадорын ЭСЯ 2019 оны дөрөвдүгээр сард цуцалсны дараа түүнийг Лондон хотын цагдаа нар баривчилж, барьцаагаар суллах нөхцөлийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Лондон хотын шүүхээс 50 долоо хоног хорих ял ногдуулсан билээ. 


Нууцын зэрэглэлтэй, дипломат баримт бичгүүдийг 2010 онд олон нийтэд дэлгэсэнтэй холбогдуулан Ассанжийг Их Британиас шилжүүлэн авах хүсэлтийг АНУ-ын тал гаргаж, Их Британийн шүүх түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.


 


関連ニュース