“TSMC” Японд чипний үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-10 11:10:23

ТОКИО. /Kyodo/. Тайванийн чип үйлдвэрлэгч “TSMC” компани дэлхий дахинд нүүрлээд буй хагас дамжуулагчийн хомсдлыг зохицуулахад хувь нэмрээ оруулах үүднээс Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид үйлдвэр байгуулахаар болсноо мягмар гарагт мэдэгджээ.


Энэхүү үйлдвэрийг байгуулах ажлыг 2022 онд эхлүүлж, 2024 оны эцсээс үйлдвэрлэлээ явуулж эхлэхээр төлөвлөж буйгаа “TSMC”, “Sony” групптэй хамтарсан гаргасан мэдэгдэлдээ дурджээ. “Sony”-гийн хувьд “Japan Advanced Semiconductor Manufacturing” нэртэй охин компанид 500 сая ам.долларын хөрөнгө оруулж, хувьцааных нь 20 орчим хувийг эзэмших ажээ.


Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төсөл нь 1500 орчим ажлын байр бий болгох төлөвтэй байна. “TSMC” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ч.Вэй хэлэхдээ, “Японд шинэ үйлдвэр байгуулахад салбартаа тэргүүлэгч, урт хугацааны түнш “Sony” групптэй хамтран ажиллахаар болсондоо баяртай байна” гэв.


Sony” группийн “Sony Semiconductor Solutions” охин компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Терүши Шимизүгийн хувьд, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн технологиороо тэргүүлэгч “TSMC” компанитай хамтран ажиллах нь “Sony”-гийн хувьд ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглээд, хоёр талын хамтын ажиллагаа чипний нийлүүлэлтийг тогтворжуулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 

関連ニュース