АНУ-ын төсвийн алдагдал өнгөрсөн сард буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /interfax/. 10 дугаар сард АНУ-ын төсвийн алдагдал 165.055 тэрбум доллар болж, өнгөрсөн оны мөн сарынхаас (284.071 тэрбум доллар) 41.9 хувиар буурлаа гэж тус улсын сангийн яам мэдээлжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын төсвийн орлого 19.4 хувиар өсөж, 283.927 тэрбум долларт хүрчээ. Эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдсэнтэй холбоотойгоор татварын орлого 19 хувиар өссөн байна.
Үүний зэрэгцээ зарлага 13.9 хувиар буурч, 448.983 тэрбум доллар болжээ. Энэ нь коронавирусний халдварын тархалтын оргил үед хүн ам, бизнесийг дэмжихэд чиглэсэн ажилгүйдлийн тэтгэмж болон бусад арга хэмжээний зардал буурсантай холбоотой байна. Засгийн газрын зардал 14 хувиар буурч, 449 тэрбум ам.доллартой тэнцжээ.
Аравдугаар сар бол АНУ-ын санхүүгийн жилийн эхний сар юм.
Есдүгээр сарын 30-нд дуусгавар болсон 2021 оны санхүүгийн жилд АНУ-ын төсвийн сөрөг тэнцэл 11 хувиар буурч, 2.772 их наяд ам.доллар болжээ. Жилийн өмнө 3.1 их наяд долларын алдагдалтай гарч байсан байна. Хамгийн сүүлд 2001 онд төсвийн илүүдэл бүртгэгдэж байжээ.