Пэн Шуайн бичлэгийг аюулгүй байгаа эсэхийг нь батлахад “хангалтгүй” гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-21 13:57:12

ВАШИНГТОН. /BBC/. Хятадын теннисчин Пэн Шуай найз нарынхаа хамт гадуур хооллож буйг харуулсан дүрс бичлэгийг тамирчны аюулгүй байгаа эсэхийг нь батлахад “хангалтгүй” гэж үзэж байгаагаа Олон улсын эмэгтэйчүүдийн теннисний холбооны тэргүүн /WTA/ Стив Саймон мэдэгджээ. 


Бямба гарагт Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Twitter” хуудсандаа П.Шуай дасгалжуулагч болон найз нарынхаа хамт зоогийн газарт оройн хоол идэж буй бололтой байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна. 


“Хэдийгээр түүнийг харахад таатай байгаа ч тэрбээр гадны шахалт дарамтгүйгээр өөрийн шийдвэрээ гаргаж, хүссэн зүйлээ хийж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэж С.Саймон хэлжээ. Тэрбээр мөн АНУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд Чинь Ганд энэхүү “яаралтай асуудлын” талаар Хятадын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хэлэлцэх хүсэлтийг бичгээр хүргүүлсэн байна.  


Мөн П.Шуайг Хятадаас явахыг зөвшөөрөх, эсвэл өөртэй нь дүрс бичлэгээр дамжуулан ганцаарчлан ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 35 настай П.Шуай Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд асныг өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгасан мэдээллийг хоёр долоо хоногийн өмнө цацсанаасаа хойш Олон улсын эмэгтэйчүүдийн теннисний холбоотой холбоо тогтоогоогүй байгаа ажээ.

関連ニュース