Энэ онд Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс өсөхөд юу гол үүрэг гүйцэтгэв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-12-24 19:05:43

БЭЭЖИН. /CCTV/. "COVID-19" цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа боловч Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж буйн ачаар тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) эрс өсжээ.


Хятад улсын Худалдааны яамны мэдэгдсэнээр, энэ оны эхний 11 сарын хугацаанд ГШХО-ын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өссөнөөр 1.04 их наяд юань буюу 157.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2020 оны бүтэн жилийн хугацаанд Хятадын татсан ГШХО-ын хэмжээнээс хэдийнэ давсан үзүүлэлт аж. Ингэснээр 2021 онд бүтэн жилийн хугацаанд Хятадын хүлээн авах ГШХО нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд ховор тохиосон хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлттэй гарах төлөвтэй байна.


Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нь тухайн улсын нээлттэй байдлын түвшинг ажиглах “цонх” болж, эдийн засгийн хүч чадлыг илтгэдэг юм.


НҮБ-ын Худалдаа, хөгжлийн талаарх бага хурлын тайланд дурдсанчлан, ГШХО нь аливаа санхүүгийн хямралыг шийдвэрлэхэд худалдаа болон ДНБ-ээс илүүтэйгээр үүрэг гүйцэтгэдэг байна.


“Зах зээл нь цэцэглэн хөгжиж, боломжууд ундарч буй газрууд руу гадаадын хөрөнгө урсдаг. Өөрөөр хэлбэл, Хятад руу орж буй ГШХО эрс өсөж буйн цаадах гол шалтгаан бол эдийн засгийнх нь тогтвортой үзүүлэлт бөгөөд ирээдүйтэй хэтийн төлөв юм” гэж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн судлаач Лю Сяндун ярьжээ.


ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ

Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг, худалдаа уналтад орж буй боловч Хятад улс дэлхий даяарх хөрөнгө оруулалт, эдийн засгийн уналтын хандлагыг сөрөн зогссоор байна.


Хятад улсын Үндэсний статистикийн товчооноос (ҮСТ) мэдээлснээр, 2021 оны эхний гурван улиралд тус улсын ДНБ 9.8 хувиар өссөн нь эдийн засгаа 6 хувиар өсгөх зорилтоос давсан үзүүлэлт юм.


Цар тахлын эсрэг үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний дүнд Хятад улсын эдийн засаг хурдацтай сэргэж, улмаар олон улсын компаниуд Хятадын зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь эрс нэмэгдсэн байна. 


11 дүгээр сарын эдийн засгийн тоо баримтаас харвал, Хятадын эдийн засгийн "бодит сектор" эрчимтэй өргөжин тэлж байна. Үйлдвэрлэлийн салбарын томоохон компаниудын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон өндөр технологийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, борлуулалт хурдацтай өссөөр байна. Тухайлбал, 11 дүгээр сард аж үйлдвэрийн робот үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн бол шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 112 хувиар өссөн байна.


“Эдийн засаг илүү хүчирхэгжиж, эерэг өөрчлөлтүүд аажмаар нэмэгдсээр байна” гэж тус улсын ҮСТ-ны хэвлэлийн төлөөлөгч Фү Линхуй ярьжээ.


Мөн Хятад улсын Худалдааны дэд сайд Жэнь Хунбинийн мэдэгдсэнээр, тус улс цар тахлын сөрөг нөлөөг даван туулж, нийлүүлэлтийн иж бүрэн сүлжээ, үйлдвэрлэлийн салбарын найдвартай үндэс суурийг бий болгож, улмаар дэлхийн эрэлт нийлүүлэлтийн зөрүүг нөхөж байна.


Мега зах зээл, бодлогын ногдол ашиг болон бизнесийн орчин зэргийнхээ ачаар Хятад улс үндэстэн дамнасан компаниудаас урт хугацаанд хөрөнгө оруулалт татсаар байна.


Энэ оны эхний хагаст Европын Холбооноос Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.3 хувиар өсжээ. Мөн “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнууд болон Зүүн өмнөд Азийн орнуудын холбооноос Хятадын эх газарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт энэ оны 1-11 дүгээр сард 24.7 хувь, 23.7 хувиар тус тус өссөн байна.


ӨӨДРӨГ ИРЭЭДҮЙ

Олон улсын байгууллагууд Хятад улсын эдийн засгийн 2022 оны төлөв байдлыг өөдрөгөөр төсөөлж байна.


Олон улсын валютын сангийн урьдчилан таамаглаж буйгаар, Хятадын эдийн засаг ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлтөөс 0.7 хувиар илүү буюу 5.6 хувиар өсөх төлөвтэй байна.


Тэгвэл Дэлхийн банкны төсөөллөөр, Хятадын эдийн засаг ирэх онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.


Олон улсын эдийн засаг, худалдааны өндөр стандарт бүхий дүрэм журмуудад нийцүүлэн идэвхтэй хүчин чармайлт гаргаж, нээлттэй бодлого, өөрчлөлт шинэчлэлээ дээд зэргээр гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулахын төлөө илүү их хүчин чармайлт гаргахыг Хятадын бодлого боловсруулагчид энэ сарын эхээр болсон Төвийн эдийн засгийн ажлын бага хурлын үеэр улсынхаа төр, хувийн хэвшлийнхэнд уриалсан юм.


Мөн институтийн нээлттэй байдлыг хөхүүлэн дэмжиж, үндэстэн дамнасан компаниудаас илүү их хөрөнгө оруулалт татахын төлөө ажиллахаа тус улс онцолсон.


Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани саяхан Хятадын зах зээлд зориулсан стратегиа шинэчилсэн байна.


“Ирэх онд бид Хятадын Шэньян болон Жанзяган хотод гурван шинэ үйлдвэр нээнэ. Ингэснээр Хятад улс нь манай компанийн шинэ эрчим хүчний буюу цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарын гурван том баазын нэг болно” гэж “BMW” компанийн Хятадын зах зээл хариуцсан зөвлөлийн гишүүн Николас Питер ярьжээ.


関連ニュース