АНУ стратегийн нөөцөөсөө 13.4 сая торх нефтийг долоон компанид шилжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид стратегийн нөөцөөсөө нийт 13.4 сая торх нефтийг долоон компанид шилжүүлэхээр болсныг тус улсын Эрчим хүчний яам мягмар гарагт мэдэгдсэн байна.
"Компани яаралтай нөхцөл байдалтай холбогдуулан улсын нефтийн нөөцөөс түүхий газрын тосыг богино хугацаагаар зээлдэн авах" солилцооны журмын дагуу нефтийг шилжүүлж байгаа аж. Энэ журмын дагуу компани дараа нь зээлээр авсан түүхий эдээ буцааж өгөх үүрэгтэй, гэхдээ өмнө тохирсон ёсоор тодорхой хэмжээний нефтийг нэмж өгөх ёстой.
Стратегийн нөөцөөс гаргах нефтийг “Shell”, “Trafigura”, “Phillips 66”, “Macquarie”, “Chevron”, “ExxonMobil”, “BP” компаниуд хүлээн авна гэж мэдэгдэлд дурджээ.
Хэрэглэгчдэд шатахууны үнийг бууруулах, коронавирусний цар тахлын дараа дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гаргахаар болсноо АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ.