“Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-02-15 11:30:38

ЖАКАРТА. /Xinhua/.  “Хорийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар Индонезийн нийслэл Жакарта хотноо хоёрдугаар сарын 17, 18-нд энэ оны анхны уулзалтаа хийнэ. Тус бүлгийг энэ онд Индонез улс даргалж байгаа юм.


Даваа гарагт Индонезийн банкны тэргүүн Перри Варжиёгийн мэдээлснээр, Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын анхны уулзалтаар “Хорийн бүлэг”-ийн гишүүдэд цар тахлын нөхцөл байдлаас эдийн засгаа сэргээхэд нь хувь нэмрээ оруулах үүднээс инфляц болон бодлогыг хэвийн болгох, дижиталжуулах талаар хэлэлцэх ажээ.


“Бид дэлхийн санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлын талаар мөн хэлэлцэнэ. Гэхдээ цар тахлын үр дагаварт хоёр жил нэрвэгдсэн эдийн засгийг сэргээх, түүний шилжилтийг түргэтгэхэд ач холбогдолтой дижиталчлалд түлхүү анхаарал хандуулна” гэж П.Варжиё Жакартад болсон Банкны дижитал төлбөрийн инновацын талаарх хэлэлцүүлгийн үеэр хэлжээ.


Энэхүү уулзалтын өмнө Сангийн яам, Төв банкны орлогч дарга нарын уулзалт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно. Эдгээр уулзалтыг анх Индонезийн Бали аралд зохион байгуулахаар товлоод байсан боловч нийслэл хотод “COVID-19”-ийн вакцинжуулалтын түвшин өндөр байгаа тул илүү аюулгүй гэж эрх баригчид үзсэн байна.


Эдгээр уулзалт биечилсэн болон цахим хосолсон хэлбэрээр явагдана гэдгийг Индонезийн Сангийн сайд Сри Мульяни Индравати саяхан мэдээлээд, үйл ажиллагаануудын үеэр халдвар хамгааллын чанд дэглэмийг баримтална гэдгийн цохон тэмдэглэжээ.


Индонезид өдөрт илрэх “COVID-19” халдварын шинэ тохиолдол, “омикрон” хувилбарын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа юм. Даваа гарагт улсын хэмжээнд 36501 хүнээс халдвар илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 4 844 279-т хүрсэн байна. 

関連ニュース