Их Британид шатахууны үнэ өсөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-02-15 15:38:07

ЛОНДОН. /Xinhua/. Их Британид шатахуун, дизель түлшний үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн нь Британийн гэр бүлүүдэд нүүрлээд буй амьжиргааны өртгийн хямралыг улам даамжруулж байгааг даваа гарагт танилцуулсан тоон мэдээлэл харуулжээ.


Тодруулбал, литр шатахууны дундаж үнэ 148.02 пенс /ойролцоогоор хоёр ам.доллар/, дизель түлшний үнэ 151.57 пенст хүрсэн нь 2021 оны 11 дүгээр сард бүртгэгдээд байсан дээд үзүүлэлтүүдийг шинэчиллээ гэж Их Британийн “RAC” байгууллага мэдээлсэн байна.


“Шатахууны үнэ 148.02 пенст хүрснээр 55 литрийн багтаамж бүхий гэр бүлийн машиныг дүүргэх өртөг 81.45 фунт стерлингт хүрч нэмэгдэж байна” гэж “RAC”-ийн шатахууны асуудал хариуцсан хэвлэлийн төлөөлөгч Саймон Уилиамс хэлжээ.


Тэрбээр үнэ ийнхүү өсөж байгаад дэлхийн дахин цар тахлын үр дагавраас сэргэж байгаа энэ үед нефтийн нийлүүлэлт, эрэлт тэнцвэргүй байгаагаас гадна ОХУ, Украины хурцадмал байдалтай холбон тайлбарласан байна.


“Британийн инфляц 2021 оны 12 дугаар сард 5.4 хувьд буюу сүүлийн 30 жилд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлтэд хүрсэн бөгөөд энэ оны хоёр, гуравдугаар сард дахин нэмэгдэж, зургаан хувьд дөхөж, улмаар дөрөвдүгээр сард ойролцоогоор 7.25 хувьд хүрэх төлөвтэй байна” гэж Английн банк /Британийн төв банк/ энэ сарын эхээр мэдээлсэн юм.


Даваа гарагт “RAC” мөн шатахууны үнэ үргэлжлэн өсөх төлөвтэй байгааг анхааруулжээ. С.Уиллиамсын ярьснаар, нэг торх нефтийн үнэ 100 ам.долларын босгод ойртож байгаа тэргүүтэй бусад нөхцөл байдлыг харгалзан үзвэл шатахууны үнийн дээд үзүүлэлт ойрын долоо хоногуудад өдөр тутам шинэчлэгдэж болзошгүй байна. 

関連ニュース