“Талибан” хөдөлгөөн Афганистанд “VOA”, “BBC”-г хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /VOA/. “Талибан” хөдөлгөөн Афганистаны хувийн
телевизүүдийг “Voice of America” (VOA), “British
Broadcasting Corporation”
(BBC) зэрэг радио, телевизийн
өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийн хөтөлбөрийг дамжуулахыг хоригложээ.
Уг лалын
шашинт хөдөлгөөн өнгөрсөн наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авснаасаа
хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөөг хязгаарлах зорилгоор тавьсан
цуврал хязгаарлалтуудын хамгийн сүүлийнх нь энэ болж байна.
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төвтэй “VOA” агентлаг хөтөлбөрүүдийг нь нэвтрүүлэхээ зогсоосон явдалд “Талибан”-ыг эрс шүүмжилжээ.
“Бид “Талибан”-аас шийдвэрээ эргэн харахыг хүснэ. “Талибан”-ы
тавихыг оролдож буй хязгаарлалтууд нь Афганистаны ард түмний үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд харшилж байна” гэж тус агентлагийн даргын
үүргийг түр гүйцэтгэгч Иоланда Лупес ням гарагт мэдэгджээ.
Мөн “BBC
World Service” мэдээний эмхэтгэлд
тавьсан хоригоо нэн даруй цуцлахыг “Талибан” хөдөлгөөнд уриалсан байна. “Талибан”
Афганистанд хяналтаа тогтоосноос хойш хэвлэн нийтлэх, үзэл бодлоо
илэрхийлэх эрх чөлөө доройтож байгааг дотоод, гадаадын шүүмжлэгчид хэлж байгаа
юм.
Өнгөрсөн 12
дугаар сард Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас танилцуулсан тайланд
дурдсанаар, “Талибан” засгийн эрхийг авснаас хойш Афганистаны хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдийн 40 орчим хувь нь үгүй болж, эмэгтэй сэтгүүлчдийн 80 гаруй хувь нь
ажилгүй болжээ.