“Долоогийн бүлэг”-ийн Сангийн сайд нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-11 09:42:37

ВАШИНГТОН. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо дөрөвдүгээр сарын 20-нд уулзаж, Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцэнэ гэж уг төлөвлөгөөнд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ-ын Сангийн сайд нар “Хорийн бүлэг”-ийн уулзалтын хүрээнд Оросын түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлэхээр ийнхүү цуглах ажээ.


Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 20 орны Сангийн сайд нарын уулзалт мөн өдөр АНУ-ын нийслэлд болох ч Оросын төлөөлөгчид оролцохтой холбоотой асуудлын улмаас ярвигтай байдал үүсээд байна.


Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хөгжингүй орнуудаас гадна, Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудаас бүрдсэн “Хорийн бүлэг”-ээс Оросыг хасах хэрэгтэй гэж мэдэгдээд байгаа юм. Мөн энэ сарын эхээр АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Оросын төлөөлөгчид ирвэл АНУ “Хорийн бүлэг”-ийн уулзалтуудыг бойкотлоход бэлэн байгаа талаар ярьсан байна.


“Долоогийн бүлэг”-ийн Сангийн сайд нар Вашингтонд уулзах үеэрээ мөн Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн улмаас үүсээд буй үнийн огцом өсөлтийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногийн эхээр “Долоогийн бүлэг”-ийн орнууд Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа үе шаттайгаар бууруулж, нүүрсний импортыг хориглох төлөвлөгөөгөө “шуурхайлна” гэдгээ мэдэгдсэн байна.


“Долоогийн бүлэг”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар хоёрдугаар сарын 14-нд буюу Оросын түрэмгийлэл эхлэхээс 10 хоногийн өмнө гаргасан мэдэгдэлдээ, “Бид Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хийгээд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын төлөө нэгдмэл байр суурьтай байна” хэмээн тэмдэглэсэн юм.


Талууд гуравдугаар сарын 1-нд цахимаар уулзах үеэрээ Оросын эсрэг нэмэлт шахалт үзүүлэхээр тохиролцсон билээ.

関連ニュース