Бельгийн цагдаа нарыг шархдуулсан этгээд Ажлирын иргэн байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-08 11:10:46

БРЮССЕЛЬ. /АР/. Өнгөрсөн бямба гарагт цагдаагийн алба хаагч хоёр эмэгтэйг хутгаар шархдуулсан этгээд Алжирийн иргэн байсан гэж Бельгийн албаны хүмүүс мэдэгдлээ.

Бельгийн өмнөд нутгийн Чарлерой хотын цагдаагийн газрын хажууд гэмт этгээд халдлага үйлдэх үеэрээ “бурхан бол аугаа” гэж арабаар хашгирч байсан юм. Түүнийг өөр нэг цагдаа буудан устгасан билээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, 33 настай алжир залуу 2012 онд Бельгид очжээ. Энэ этгээдийн нэр террорист халдлага үйлдэж болзошгүй этгээдүүдийн нэрсийн жагсаалтад байгаагүй аж.

Түүнийг лалын хэт давруу үзэлд автан цагдаа нар руу халдсан гэж албаны хүмүүс үзэж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард нийслэл Брюссель хотын нисэх онгоцны болон метроны буудалд олон хүний аминд хүрсэн террорист халдлага болсноос хойш Бельгийн эрх баригчид аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авсаар байна.

“Лалын улс” босогчдын бүлэглэлийн жигүүр гэгдэх “Amaq” мэдээллийн агентлаг “энэ халдлагыг “Лалын улс”-ын цэрэг үйлдсэн” гэж мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Сири болон Иракт босогчдод агаараас цохилт өгч буй АНУ тэргүүтэй эвсэлд нэгдсэн улсуудын ард иргэдийг онилон халдлага үйлдэх уриалгын хариуд уг халдлагыг үйлдсэн байна.

Г.Доржханд

関連ニュース