OANA-ын гишүүн агентлагууд Техраны тунхаглалыг баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕХРАН. /IRNA/. Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын (Organization of Asia-Pacific News Agencies, OANA) Ерөнхий Ассамблейн 18 дугаар хурал мягмар гарагт Ираны нийслэл хотноо Техраны тунхаглалыг баталснаар өндөрлөлөө.
Хурлын эцсийн баримт бичигт цохон тэмдэглэснээр, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ мэдээлэх, хэвлэн нийтлэх уламжлалт арга барилд зарим хязгаарлалт тавигдсан “COVID-19” цар тахлын нөхцөлд шинэ стратеги боловсруулж, орчин үеийн технологийг ашиглажээ. Гишүүн агентлагууд OANA-ын хүрээнд туршлагаа үргэлжлүүлэн хуваалцахаар төлөвлөж байгаа байна.
OANA-ын гишүүд байгууллагын дүрэм, зорилгыг биелүүлэхийн төлөө тууштай ажиллахаа дахин нотолсон байна. Мөн хуурамч мэдээлэлтэй тэмцэх, мэдээ, мэдээллийн бүтээгдэхүүний найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн агентлагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Агентлагууд бодит үйл явдлыг мэдээлэх мэргэжлийн үүрэгт нь улс төрийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлөхийг зөвшөөрөхгүй гэдгээ мөн нотоллоо.
Ерөнхий Ассамблейн ээлжит хурлыг Исламын Бүгд Найрамдах Иран улсын "ИРНА" агентлаг зохион байгуулсан юм. Ирэх гурван жил OANA-г даргалах үүргийг БНСУ-ын "ЁНХАП" агентлагаас "ИРНА" агентлагт шилжүүлжээ.
Энэ удаагийн хуралд 35 мэдээллийн агентлагийн 60 төлөөлөгч, удирдлагууд оролцлоо. OANA-ын Гүйцэтгэх зөвлөл нь 13 гишүүнээс бүрддэг. Одоогоор Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд «Азертаж» (Азербайжан), «ТАСС» (ОХУ), «Синьхуа» (Хятад), «ЁНХАП» (БНСУ), «Анадолу» (Турк) гэсэн мэдээллийн 5 агентлаг багтаж байна.
Энэ удаагийн хурлаар мөн 2025 онд Москвад болох OANA-ын Ерөнхий Ассамблейн 20 жилийн ойн хурлын зохион байгуулагчаар "ТАСС" агентлагийг сонгосон байна.
Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан, бүс нутгийн 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
Монголын Улсын мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1981 онд OANA-д гишүүнээр элссэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2010 онд Турк улсын Истанбул хотноо болсон Ерөнхий Ассамблейн ээлжит хурлаас анх удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2011 онд Улаанбаатар хотноо Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Улмаар 2013 онд Москва хотод болсон хурлаас Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос Техникийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
МОНЦАМЭ агентлаг нь Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ www.oananews.org цахим хуудсанд Монголын тухай мэдээ, мэдээллийг англи хэлээр гэрэл зураг, дуу дүрстэйгээр өдөр бүр оруулж, гишүүн орнуудтай харилцан мэдээлэл солилцож байна.