АРХАНГАЙ: "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо
ФОТО МЭДЭЭ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Архангай аймгийн ЗДТГ, ХХААГ, МХАҮТ-ын Архангай аймаг дахь салбар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малчин иргэдийн төлөөлөл 250 гаруй иргэн оролцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа.
Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагтаа 2022-2026 он хүртэл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. Нийт 12 зорилт 30 ажлыг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх саналыг төлөвлөгөөний төсөлд тусгажээ.
Төлөвлөгөөний
төслийг аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар
батлуулах аж.
Тус үйл ажиллагааны үеэр оролцогчдод Жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарын бодлого, зорилт, Зээлийн батлан даалтын сангийн тухай, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”, “Зах зээл бэлчээрийн удирдлага” зэрэг төслүүдийн талаар болон ЖАЙКА Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах II үе шаттай төслийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл, танилцуулга хийлээ.
Үйл ажиллагааны төгсгөлд Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хэлэлцэж, оролцогчдын саналыг сонсов.
Нээлтийн үеэр талх, нарийн боов үйлдвэрлэгчид үзэсгэлэн гаргалаа.















