Тайванийн эрх баригчид хүн амаа бөмбөгдөлтөөс хамгаалах газрууд бэлдэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-12-29 12:24:46

ТОКИО. /Nikkei/. Тайванийн эрх баригчид пуужингийн цохилт, бөмбөгдөлтөөс хоргодох газрууд бэлдэж эхэлсэн талаар Японы “Nikkei” сонинд арлын дотоод хэргийн яамны мэдээллээс  эш татан бичжээ.


Тус сонинд мэдээлж байгаагаар, арлын эрх баригчид 10.5 мянган байгууламжийг хоргодох байр болгон тоноглож байгаа гэнэ. Эдгээр байранд 86 сая хүн хоргодох боломжтой бөгөөд энэ нь арлын хүн амаас гурав дахин их юм.


Хоргодох байруудыг Тайвань даяар бэлдэж байгаа аж. Одоогийн байдлаар, тус арал дээр гадаадын иргэдийг оруулаад 24 сая хүн  амьдарч байна.


“Nikkei” сонинд мэдээлснээр, ихэнх хоргодох байр нь удаан хугацаагаар оршин суух зориулалтгүй бөгөөд автомашины зогсоол, доод хонгил зэрэг барилга байгууламжийн газар доорх хэсгүүдийг ашиглах аж. 1970-аад оноос хойш арлын хууль тогтоомжийн дагуу зургаан давхраас дээш өндөртэй бүх барилга газар доорх байгууламжтай байх ёстой байна. 


Энэ оны наймдугаар сард Тайбэй хотын эрх баригчид хамгийн ойр орших бөмбөгдөлтөөс хоргодох байрны байршлыг тогтоох боломжтой гар утасны программыг ухаалаг утсандаа татаж авахыг иргэддээ уриалж байв. Тайванийн засаг захиргааны төв болох энэ хотод одоогоор 5700 гаруй ийм объект байдаг аж. Эдгээр газар нь 13 сая орчим хүн хоргодох багтаамжтай бөгөөд энэ нь хотын хүн амаас бараг тав дахин их юм.


БНХАУ-ын цэргийнхэн Тайванийн бүсэд томоохон хэмжээний цэргийн сургууль явуулсантай холбоотойгоор энэ программыг татаж авахыг уриалжээ.

関連ニュース