Япон 2025 онд хамгийн олон жуулчин хүлээн авахаар зорьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Япон улс 2025 онд түүхэндээ хамгийн олон гадаадын жуулчин хүлээн авахаар зорьж байгааг Засгийн газрын төлөвлөгөөний төсөлд дурджээ. Тус улсад өнгөрсөн оны 10 дугаар сараас хилийн хязгаарлалтуудыг сулруулснаас хойш аялал жуулчлал аажмаар сэргэж байгаа юм.
2023-2025 оны
санхүүгийн жилийг хамарсан аялал жуулчлалын төлөвлөгөөний төсөлд мөн нэг хүний
зардлыг 200 мянган иенд /1500
ам.доллар/ буюу 2019 оныхоос
25 орчим хувиар нэмэгдүүлэх, бүс нутгууд дахь гадаадын зочдын байрлах газруудын
тоог 10 хувиар өсгөх зорилт дэвшүүлжээ.
Олон улсын
агаарын тээврийн салбар сэргэж, “Экспо-2025” зэрэг олон улсын арга хэмжээнүүд Японд
зохион байгуулагдсанаар жуулчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг харгалзан дээрх
зорилтыг дэвшүүлжээ. Пүрэв гарагт шинжээчдийн хуралдаанаар танилцуулсан төлөвлөгөөний
төслийг Засгийн газар гуравдугаар сард батлах төлөвтэй байна.
Хэдийгээр өмнөх төлөвлөгөөний
хэрэгжих хугацаа 2020 оны санхүүгийн жилд дууссан боловч коронавирусний цар тахал
аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болсон тул дүгнэлтийг хойшлуулжээ. Цар тахал
дэгдэхээс өмнө 2019 онд Япон түүхэндээ хамгийн олон буюу 31.88 сая жуулчин хүлээн
авч байсан юм. Гэвч “COVID-19” тархсанаас хойш 2020 онд 4.12 сая, 2021 онд 250
мянгад хүрч огцом буурчээ.