Испанийн эрүүл мэндийн салбарынхан томоохон жагсаал зохион байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД. /Reuters/. Испанийн эрүүл мэндийн салбарын хэдэн зуун мянган ажилтан ням гарагт Мадрид хотод жагсаал зохион байгуулжээ. Тэд улс орны эрүүл мэндийн тогтолцоог сүйрлийн ирмэгт авчирсан хэмээн бүс нутгийн эрх баригч консерватив намынхныг эсэргүүцэн жагсжээ.
Мадридын засгийн газар сүүлийн жилүүдэд, ялангуяа 2020 онд "COVID-19" цар тахал дэгдсэний дараа эмнэлгүүд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төвүүдэд боловсон хүчин дутмаг байгаагийн улмаас шүүмжлэлд өртсөөр иржээ. Жагсагчдын хэлж байгаагаар, нийгмийн эрүүл мэндийн салбарын байдал улам дордсоор байхад эрх баригчид хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа аж.
“Эрх баригчид бидний цалинг нэмэхийн оронд харин ч эсрэгээрээ цалин хассан. Бид маш их ачаалалтай ажиллаж байна, биднийг огт дэмжихгүй байна. Бид сүйрлийн ирмэгт ирээд байна” гэж жагсагчдын төлөөлөл болох “El Molar” эрүүл мэндийн төвийн сувилагч, 61 настай Лилиен Рамис “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Испанийн улс төрийн тогтолцооны дагуу бүс нутгуудын засгийн газрууд эрүүл мэндийн салбарын төсвийн дийлэнхийг хариуцдаг аж.
Мадридад болсон жагсаалд 250 мянган хүн оролцсон гэж эрх баригчид мэдэгдсэн бол жагсаалыг зохион байгуулагчид 1 сая орчим хүн жагссан гэж мэдээлсэн байна. Жагсагчид хотын төвийн “Plaza Cibeles” талбайд цуглаж, уриа лоозон хашхиралдаж, туг далбаа барьцгаасан байжээ.
Испанийн баруун хойд хэсэгт оорших Сантьяго-де-Компостела хотод мөн эрүүл мэндийн салбарын олон мянган ажилтан жагсаж, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог хамгаалахыг шаарджээ. Хотын цагдаагийн газраас мэдээлснээр, жагсаалд 20 мянган хүн оролцсон байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Мадрид хотод хэдэн арван мянган хүн эрүүл мэндийн салбарынхныг дэмжин жагсаж, ажиллах нөхцөлийг нь сайжруулахыг шаардаж байжээ.