Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-07 11:41:53

ПАРИС. /France24/. Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал 11 дэх өдрөө үргэлжилж олон зуун мянган хүн оролцжээ.


Дотоод хэргийн яамны мэдээлснээр, пүрэв гарагт орон даяар 570 мянган хүн жагсаалд оролцсон бол үйлдвэрчний эвлэлүүд хоёр сая орчим хүн жагссан гэж тооцоолсон байна.


Парис, Нант, Нанси, Ренн хотуудад жагсагч, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Засгийн газрын мэдээлснээр, 111 хүнийг саатуулсан бөгөөд 154 цагдаа гэмтэж бэртжээ.


Үйлдвэрчний эвлэлүүд дөрөвдүгээр сарын 13-нд 12 дахь өдрөө жагсахыг уриалаад байна. 


Засгийн газар, үйлдвэрчний эвлэлүүдийн хооронд хийж буй хэлэлцээ мухардалд ороод байгаа энэ үед жагсаал өрнөсөн байна. Лхагва гарагт үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөгчид Францын Ерөнхий сайд Элизабет Борнтой хийсэн хэлэлцээ нь "амжилтгүй" болсон гэж мэдэгджээ.


Ерөнхийлөгч Эмманюэль Макрон БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа юм. Түүний ажлын алба яриа хэлэлцээ амжилтгүй болсны хариуцлагыг хүлээхээс татгалзаж, үйлдвэрчний эвлэлүүд, ялангуяа Засгийн газартай “зөвшилцөхийг хүсээгүй” гэж “CFDT” эвлэлийг буруутгасан байна.


Гуравдугаар сарын 16-ны өдөр Э.Борн маргаан дагуулсан тэтгэврийн шинэчлэлийг парламентад санал хураалт явуулахгүйгээр батлахын тулд Үндсэн хуулийн 49.3 заалтыг ашигласан нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Э.Макрон тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхээр санал болгож буй өөрчлөлтүүдийг тэтгэврийн тогтолцоог тэнцвэржүүлэхэд шаардлагатай гэж мэдэгдсэн билээ. 


関連ニュース