“Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Б.Гейтс Ши Жиньпинтэй уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-15 15:14:53

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй баасан гарагт уулзахаар төлөвлөж байна гэж энэ талаарх мэдээлэлд ойр хоёр эх сурвалж мэдээлжээ.


Энэхүү уулзалт нь Ши Жиньпиний хувьд сүүлийн жилүүдэд гадаадын бизнес эрхлэгчтэй хийсэн анхны уулзалт болох юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд ганцаарчлан уулзаж магадгүй байна. Гурав дахь эх сурвалж тэднийг уулзана гэдгийг баталсан ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Талууд юун тухай хэлэлцэх талаар эх сурвалжууд мэдээлээгүй байна. Лхагва гарагт Б.Гейтс “Twitter” хуудсандаа Бээжин хотноо 2019 оноос хойш анх удаагаа ирсэн талаараа нийтлээд, “Bill & Melinda Gates” сантай хамтран дэлхий нийтийн эрүүл мэнд, хөгжил дэвшилд тулгарч буй сорилтуудыг даван туулах чиглэлд ажиллаж буй түншүүдтэйгээ уулзана хэмээн бичжээ.


Одоогоор тус сан болон Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба “Reuters” агентлагийн тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.


Б.Гейтс дэлхий нийтийн эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой буяны үйлсэд түлхүү анхаарлаа хандуулахын тулд “Microsoft”-ийн удирдах зөвлөлөөс 2020 онд гарсан юм. Тэрбээр 2008 оноос “Microsoft” компанид байнгын удирдах албан тушаал хашихаа больжээ.


Ши Жиньпин, Б.Гейтс нар хамгийн сүүлд 2015 онд Боаогийн чуулга уулзалтын хүрээнд уулзсан юм. Түүнчлэн 2020 оны эхээр Ши Жиньпин Б.Гейтс захидал илгээж, “COVID-19” цар тахалтай тэмцэхэд Хятад улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэнд түүнд болон “Bill & Melinda Gates” санд талархаж буйгаа илэрхийлж байв.


Хятад улс энэ оны эхээр хилээ нээснээс хойш гадаадын хэд хэдэн компанийн гүйцэтгэх захирлууд тус улсад айлчилсан ч тэдний дийлэнх нь Засгийн газрын сайд нартай голчлон уулзсан юм.


Тухайлбал, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гуравдугаар сард “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук тэргүүтэй гадаадын компаниудын удирдлагуудтай уулзсан. Мөн “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Шадар сайд Ди Сюсянтай өнгөрсөн сард уулзжээ.


Гэсэн хэдий ч Хятад-АНУ-ын харилцаа улам хурцдаж, Ши Жиньпин улсынхаа үндэсний аюулгүй байдалд анхаарал хандуулах нь нэмэгдэж байгаа тул гадаадын бизнес эрхлэгчдийн Хятадад хандах хандлага нь болгоомжилсон шинжтэй болсон гэж шинжээчид үзэж байна.  


Б.Гейтсийн айлчлал мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятадад хийх айлчлалын өмнө болж буйгаараа онцлогтой юм. Э.Блинкен дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон, стратегийн өрсөлдөгчдийн харилцааг тогтворжуулахаар энэ сарын 18-19-ний өдрүүдэд Хятадад айлчилна.


Э.Блинкен лхагва гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Чинь Ган Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, аюулгүй байдалд хохирол учруулахаа зогсоохыг уриалсан байна. 

関連ニュース