ЗАВХАН: Долоо хоногийн гурван өдөр нислэг үйлдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. МИАТ компани ирэх сарын 4-ний өдрөөс эхлэн
тус аймагт нислэг үйлдэхээр болж орон нутгийн иргэдэд бодит хөрөнгө оруулалт
боллоо.
Учир нь тус аймагт нислэгийн хувийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тийзний үнэ өндөр байснаас иргэдэд хүртээмжтэй байж чаддаггүй байв. Харин орон нутгийн нислэг сэргэж, хямд үнээр нислэг үйлдэж эхэлснээр хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, жуулчид, хүүхэд, хөгшид болон хүнд өвчтэй, газраар зорчих боломжгүй иргэдэд агаарын тээврээр шуурхай зорчих боломж бүрдэж байгаа юм.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд МИАТ компани орон нутгийн 8 чиглэлд зургаадугаар сарын 30-наас долоо хоногт 1-3 удаа 2-2.5 дахин хямд үнээр нислэг үйлдэнэ. Нислэгийг найман чиглэлд сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин бууруулжээ.
Завхан аймгийн төв, Улиастай чиглэлд дээрх өдрөөс 7 хоног
бүрийн даваа, пүрэв, бямба гарагт нислэг үйлдэнэ. Тийзийн үнэ нэг
талдаа 316 700 - 376 000, хоёр талдаа 633 400 - 752 000 төгрөгөөр зорчих
боломжтой болжээ.
Тийзийг “Эйр Транс” ХХК, “Аэрмаркет” ХХК, “Эйрлинк
Монголиа” ХХК, “Мон Аэр Тур” ХХК, “Эйр тикет” ХХК, “Эйр
эксперт” ХХК, ”Эйр Экспресс Трэйвэл” ХХК, “Тапатрип Эжэнси” ХХК, “АЙ ТРИП ЭЙР” ХХК, “Лэтс
Трэвел” ХХК-ийн агентаар борлуулж байна.
Ташрамд, Завхан аймгийн Донойн хөндийд байрлах, “Отгонтэнгэр”
нисэх буудал нь 2020 онд шөнийн нислэг хүлээн авах боломжтой болсон бөгөөд Бельги
улсын ADB фирмийн гэрэл суулт болон PAPI системийг алсын хяналт, удирдлагын
системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад оруулсан аж.
Отгонтэнгэр нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой юм.