Илон Маск Италийн Ерөнхий сайдтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-16 11:37:10

РОМ. /CNBC/. Америкийн “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонитой пүрэв гарагт уулзаж, хиймэл оюун ухаанаас учрах эрсдэл, төрөлтийн түвшин зэрэг бусад асуудлаар хэлэлцсэн талаар Италийн удирдагч пүрэв гарагт “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


И.Маск Ром хотноо пүрэв гарагт ирснийг тэрбумтны хувийн нисдэг тэрэгний мэдээллийг нийтэлдэг “Instagram” хуудас мэдээлсэн байна. Энэ нь түүний Европт хийх богино хугацааны айлчлалын эхлэлийг тавьж байгаа бөгөөд тэрбээр Францын технологийн салбарын хамгийн том үйл ажиллагаа болох “Viva Tech” бага хуралд оролцохоор баасан гарагт Парисыг зорино.


Ж.Мелони италиар бичсэн жиргээндээ, И.Масктай “инновац, хиймэл оюун ухаанаас үүдэн бий болох боломж хийгээд эрсдэл, Европын зах зээлийн зохицуулалт, төрөлтийн түвшний” талаар хэлэлцлээ хэмээн бичжээ.


И.Маск хиймэл оюун ухаанаас учрах эрсдэлийн талаар удаа дараалан анхааруулсаар ирсэн юм. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард хиймэл оюун ухааныг “соёл иргэншлийн ирээдүйд учрах хамгийн том эрсдэлүүдийн нэг” гэж тодорхойлжээ. Урьд нь тэрбээр мөн төрөлтийн түвшин хурдацтай буурч байгааг “соёл иргэншилд тулгарах хамгийн том эрсдэлүүдийн нэг” гэж нэрлэж байсан юм.


Европын орнуудын удирдагчид “Tesla”-гийн автомашины шинэ үйлдвэрийг өөрсдийн улсдаа байгуулахаар И.Маскийг ятгахыг оролдож буй үед дээрх уулзалт болжээ.


Францын Дижиталчлалын асуудал эрхэлсэн сайд Жан-Ноэль Барро “CNBC” телевизэд энэ долоо хоногт ярилцлага өгөх үеэрээ, манай улсын Засгийн газар “Франц бол “Tesla”-гийн дараагийн үйлдвэрийг байгуулахад Европ дахь хамгийн тохиромжтой газар” хэмээн И.Маскийг ятгахыг оролдож байгаа гэж мэдээлсэн байна.


И.Маск баасан гарагт Парист “Viva Tech” бага хурлын үеэр үг хэлэх төлөвтэй байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ долоо хоногт оролцжээ. “Tesla”-гийн гүйцэтгэх захирал мөн Э.Макронтой уулзах төлөвтэй байна. 

関連ニュース