ЗАВХАН: Таримал тэжээлийн тариалалт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-22 16:50:48

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 4887.7 га талбайд тариалалт хийжээ.


Тухайлбал, үр тариа 1785.0 га-д, төмс 114.8 га-д, хүнсний ногоо 88.1 га-д, малын тэжээл 2899.8 га-д тариалсан байна. Өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 1567.9 га буюу 47.2 хувиар өссөн.


Харин тариалсан талбайг төрлөөр авч үзвэл, үр тариа 435.0 га буюу 19.6 хувь, төмс 45.3 га буюу 28.3 хувь, хүнсний ногоо 44.9 га буюу 33.8 хувиар тус тус багасч, таримал тэжээл 2093.1 га буюу 3.6 дахин нэмэгдсэн байна.


Таримал тэжээлийг энэ жил аймгийн 13 сум тариалсан. Нөмрөг, Асгат, Баянтэс, Шилүүстэй сум бусад сумаас 30 гаруй га-гаар илүү тариалалт хийжээ.



Түүнчлэн төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжих бодлого барьснаар огт тариалалт хийдэггүй сумд энэ жил тариалалт хийсэн байна. Тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, ялангуяа хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх. Газар тариалангийн техникийн механикжуулалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг бодлогоор дэмжсэний үр дүнд энэ хаврын тариалалтыг 24 сум идэвхтэй хийсэн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн жилээс улс даяар эхлүүлсэн. Тэгвэл аймгийн төв, Улиастай сум дээрх хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж, гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөжээ.


Улиастай суманд газар тариалангийн үйлдвэрлэлийг 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж эрхэлдэг. Жилд 410 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын иргэдийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг нь хангаж байна.

関連ニュース