ЗАВХАН: Аялал жуулчлалын бус нутаг дахь уул овооны хог хаягдлыг тогтмол цэвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-23 17:06:26

Улиастай /МОНЦАМЭ/. Монголд зочлох жилийн ажлын хүрээнд тус аймаг нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 4380 гаруй иргэн оролцжээ.


Засгийн газраас 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 02, 04 дүгээр албан  даалгавар гарсан. Зочлох жилийн хүрээнд орон даяар их цэвэрлэгээг эхлүүлсэн аж.


Завхан аймгийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, малын сэг зэмийг устгаж, ариутгах, цэвэрлэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж нийт 5080 га талбайгаас 7090.8 тонн хог хаягдал цуглуулж, цэвэрлэсэн. Нийт цэвэрлэсэн 1693 га талбайн 2356 тн хог хаягдлыг улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуу газраас цэвэрлэжээ.


Харин 2386.7 га талбайн 2712.8 тн хог хаягдлыг голын ай сав дагуу газраас, 1000.3 га талбайн 2000 тн хог хаягдлыг бусад газраас цэвэрлэсэн. Мөн 22 тн хог хаягдлыг улсын тусгай хамгаалалттай газар нутгаас цэвэрлэж, 23.0 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.


Аймгийн хэмжээнд 260 аж ахуйн нэгж, албан байгууллагын 3352 гаруй алба хаагчид, 4387 иргэний оролцоотойгоор бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулсан байна. Энэ үеэр сэг зэмийн устгалд орсон малын тоо 25808, зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон буга 14, бүртгэлгүй буюу эзэнгүй нохой муур 824-ийг устгажээ.


Харин 3501 нүхэн жорлонгийн 21538.7 м.кв талбайг 2 тн гаруй ариутгалын бодисоор ариутгаж, 12 нүхэн жорлонг дарж булшилсан байна. Олон нийтийн болон улсын чанартай автозам дагуу ариун цэврийн байгууламжийг сар бүр ариутгах, авто зам дагуух хогийн цэгийн тоог нэмж, эдгээр газруудад төвлөрсөн хогийг тухай бүр нь ачиж зайлуулах ажлыг тогтмол хийх үүргийг тухайн сумд хариуцан ажиллаж байна.


Хогийн цэгийг шинээр дур мэдэн байгуулахгүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.22-т заасны дагуу шаардлагатай газруудад нэгдсэн хогийн цэгийн зөвшөөрлийг олгож байна.  


Завхан аймгийн хэмжээнд стандартын шаардлага хангасан сайжруулсан жорлон, ариун цэврийн байгууламжийн хүртээмж жил бүр нэмэгдэж байгаа.


Тухайлбал, тусгай хамгаалалттай газарт нутагт 7, ерөнхий боловсролын сургуулиудын 17, аж ахуйн нэгж байгууллагуудын 17, айл өрхийн 44 стандарт хангасан жорлон бүртгэгдсэн байна.


Энэ онд Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газарт орших Отгонтэнгэр хайрхны өвөрт нэг эко жорлонг барих юм. Эзэнгүй хог хаягдал багасаж, стандарт хангасан жорлон, ариун цэврийн байгууламж, хогийн цэгийн тоог нэмснээр тус аймагт зочлох, аялагч, жуулчдын тоо ч нэмэгдэх юм. Нийтийн их цэвэрлэгээ, ялангуяа аяллын бүс нутгуудыг хогоос нь салгах үйл ажиллагааг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.


Зочлох жилийн хүрээнд орчны бохирдлыг багасгах, эрүүл аюулгүй цэвэр орчин бүрдүүлэх зорилготой БОАЖ-ын сайдын албан даалгавар нь цаг үеэ олсон ажил болсон. Хаврын их цэвэрлэгээг аймгийн хэмжээнд эрчимтэй хийж дууссан хэдий ч аялал, амралт зугаалгын улирал эхэлсэн.


Ялангуяа гадаад, дотоодын жуулчдын тав тухыг хангах зорилготойгоор аймаг, сумын үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгож, иргэд, жуулчид чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх.

Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй худалдаа үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг MNS 4943:2011 стандартын шаардлага хангуулах.

Аялал жуулчлалын баазуудын нүхэн жорлонг буулгаж MNS 5924:2019 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох.  


Аялал жуулчлалын бус нутаг дахь уул овооны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх. Аливаа арга хэмжээ зохион байгуулахдаа талбайгаас 500 метрээс доошгүй зайд автомашины зогсоолын талбай, хог хаягдлын цэг, байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламжийг байрлуулж тэмдэгжүүлэх.

Хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж, бүх нийтийн цэвэрлэгээг сар тутам зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.  


Харин 2022 онд аймгийн хэмжээнд нийт 77 ширхэг хог хаягдлын савыг байршуулсан бол, энэ онд аймгийн 100 жилийн ойг угтаж хогийн савны тоог нэмэх төлөвлөгөөтэй байна. Ялангуяа аймгийн төвийн орон сууц болон нийтийн эдэлбэр газар шинээр хог хаягдлын савыг хоёр дахин нэмэхээр ажиллаж байгаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.



Ташрамд, тус аймаг энэ сард нийт найман суманд хог хаягдал шатаах зориулалтын дунд оврын зуухыг хүлээлгэн өгч суурилуулаад байгаа аж. Өдөрт үүсэх хог хаягдлын хэмжээ сум бүрд харилцан адилгүй байдаг байна.


Тухайлбал Тэс, Эрдэнэхайрхан суманд өдөрт 400-500 кг хаягдал үүсэж байхад Цагаанхайрханд 5-6 тн, Улиастайд 75 орчим тн, Тосонцэнгэлд 40 орчим тн хог хаягдал үүсдэг байна.


Дунд оврын хог шатаах зуухтай болсон эдгээр сумд нь өдөрт үүссэн хог хаягдлыг тухай бүр нь шатааж, устгаж байгальд хаягдах хог хаягдлын хэмжээг багасгах боломжтой болжээ. Эдгээр бага оврын зуухны ашиглалтыг тухайн сумд нь хариуцан ажиллаж байгаа юм. 


関連ニュース