Ганга нуураа сэргээх “Сэтгэлийн хүч” аян өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-13 11:14:31

Сүхбаатар аймгийн лам хуврагууд, сүсэгтэн олон хамтдаа залбирал үйлдэж, тэнгэр лусаа аргадаж, ширгэж үгүй болсон Ганга нуураа сэргээх, хур бороо гуйх, байгаль дэлхийгээ баясгах "Сэтгэлийн хүч" аян амжилттай зохион байгуулагдлаа.

Аяны хүрээнд ширгэж үгүй болсон Ганга нуураа аврахын тулд хамгийн эхэнд нуурынхаа лус савдагийг баярлуулж, бохирдол, бузарыг нь арилгах ном айлдах, нуур орчмын хогийг түүх, мод тарих зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан. Сүхбаатар аймагт сүүлийн 10-аад хоног тасралтгүй бороо орсон. Гэвч энэ бороо дарьганга сум тэр дундаа Ганга нуур орчим бага орсон гэдгийг байгаль хамгаалагч н. Мөнхбаатар болоод нутгийн малчид хэлж байгаа юм. аяны эхний өдөр буюу 9 сарын 10-ны орой түр зуур маш ширүүн усархаг бороо асгарч Ганга нуурын цангааг тайлж, хатсан сайр шаварнууд дэвтэж, нуурын ус нэмэгдэн, хун шувууд нь нуураа зорин ирж байлаа. Энэ үйл явдалыг өөрийн нүдээр харсан сүсэгтэн олон болоод байгаль хамгаалагч нар гайхан биширч байлаа. зохион байгуулагчид болоод оролцогчид сэтгэл хангалуун байна.

"Сэтгэлийн хүч" аяны үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Аянд Улаанбаатар хот болон Дорнод аймаг,  мөн Сүхбаатар аймгийн бүх сумдын лам хуваргууд  хүрэлцэн иржээ. Мөн Эрдэнэмандал хийдийн дэргэдэх сүсэгтний холбооны гишүүд, аймгийн УЗХ-ны Сайн дурын идэвхтнүүд, "ЖиСиЭс" ТББ-ын Сүхбаатар аймаг дахь төгсөгчдийн төлөөлөл гээд 7-80 насны ойролцоогоор 200 орчим хүмүүс оролцлоо. Мөн  урилгаар Торой бандийн амьд дүр гэгддэг СТА, жүжигчин Х.Ганхуяг, МҮОНТ-ийн редактор Ж. Эрдэнэцогт, Сүхбаатар аймгийн Сүсэгтний холбооны тэргүүн Ц.Тайванбаатар нар ирсэн бол яруу найрагч, лам Ч.Эрдэнэбаатар, ӨМӨЗО-ны Шилийн гол сэтгүүлийн ерөнхий редактор н.Цогтнаран, Жи Си Эс ТББ-ын төв салбарын менежер болон багш нар зэрэг хүмүүс үйл ажиллагааг зорин ирж оролцсон байна.

Аяныг Сүхбатар аймгийн залуу сэтгүүлч Т. Одончимэг санаачлан зохион байгуулсан бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хот дахь Дарьганга сумын нутгийн зөвлөл, Сүхбаатар аймгийн БШТ Эрдэнэмандал хийд,  Дорнод аймгийн БШТ Данригданжайлин хийд, Дорнод аймаг дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулжээ.

Т.Одончимэг

関連ニュース