ЗАВХАН: Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилгуудаас 11 барилгыг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-26 13:10:37

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна.


Завхан аймгийн хэмжээнд он дамнан 30 барилга байгууламжийг улсын төсвийн 40 тэрбум 459.6 сая төгрөгийн санхүүжилтээр барьж байна. Барилгуудын ажлын явц 30-70 хувийн гүйцэтгэлтэй байна.



Өнөөдрийн байдлаар 30 барилга байгууламжаас 11 барилгын ажил дуусаж ашиглалтад орсон.

Тухайлбал, Улиастай сумын “Гудамж” төсөл, Алдархаан, Отгон сумын “Шинэ сум” төсөл, аймгийн Боловсролын газрын барилга, Улиастай сумын 1, 9-р цэцэрлэгийн барилгууд ашиглалтад оржээ. Мөн Идэр, Эрдэнэхайрхан сумын Соёлын төв, Ургамал, Түдэвтэй сумын ЗДТГ-ын барилга, Баянхайрхан сумын цэцэрлэгийн барилгын ажлууд дуусаж улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Цэцэн-Уул сум 100 хүүхдийн дотуур байртай болно

Тус суманд улсын төсвийн хөрөнгөөр 100 хүүхдийн дотуур байрыг шинээр барьж буй. Барилгын ажил өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 30 хувьтай байна.


Нийт 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээс 800 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн, барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Барилгын ажлын явцыг тухайн сумын удирдлагууд, мэргэжлийн хүмүүстэй хамтран 14 хоног тутамд хяналт хийж байгаа. Учир нь Цэцэн-Уул сум хөрсний цэвдэгтэй учраас өмнө нь барьсан барилгуудад чанаргүй барьсан зөрчлүүд гарч байсан учраас явцын хяналтыг тогтмол хийж байгааг сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

関連ニュース