Ажилгүйчүүдийн тоо өсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өссөөр байна.
Энэ сарын 12-ны байдлаар 1254 иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгэгдсэн байгаа бөгөөд тэдний 40 хувь нь дээд, 30 хувь нь бүрэн дунд боловсролтой ажилгүйчүүд байна.
Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст улирлын чанартай ажлын байр их ирж байгаа аж. Одоогоор 20 ажил олгогчийн 41 ажлын сул орон тоо байна. Тухайлбал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ хураах 7-14 хоногийн түр ажлын байрууд байгаа аж. Мөн тогооч, худалдагч, борлуулалтын менежер гэх мэт байнгын ажлын байрууд ч байна.
“Ажлын байрны захиалга орж ирэхээр ажилгүйчүүд рүүгээ залгадаг. Гэтэл зарим нь дугаараа сольчихсон байдаг тул хүндрэл учирдаг. Иймээс идэвхтэй ажилгүйчүүд маань мэдээллээ тогтмол шинэчлэх шаардлагатай. Мөн их дээд сургууль төгссөн ажилгүй залуучууд байвал манай бүртгэл мэдээллийн санд яаралтай бүртгүүлэх хэрэгтэй” хэмээн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ариунаа мэдээллээ.
Увс аймаг Б.Батхүү