Илон Маск тэрбумтнуудын чансааг тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Илон Маск 2023 оны эхний зургаан сарын дотор хамгийн их орлого олсон хүмүүсийн жагсаалтыг тэргүүллээ гэж “Bloomberg” агентлаг даваа гарагт мэдээлжээ.
“Tesla”, “SpaceX”
компанийг үүсгэн байгуулагч, “Twitter”-ийн эзэмшигч И.Маск сүүлийн зургаан
сарын хугацаанд 96.6 тэрбум ам.долларын орлого олжээ.
Жагсаалтын хоёрдугаарт “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг 58.9 тэрбум ам.долларын орлогоороо бичигджээ. Түүний дараа “Amazon” корпорацийг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Oracle” корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Эллисон, “LVMH” группийн ерөнхийлөгч Бернард Арно нар орж байна.
Дэлхийн хамгийн чинээлэг 500 хүн 2023 оны эхний хагаст нийт 852 тэрбум ам.долларын орлого олжээ.
Тэрбумтнуудын хувьд энэ оны эхний хагас жил “Covid” цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналтын дараа сэргэснээс хойших хамгийн сайн хагас жил байлаа гэж “Bloomberg” онцолсон байна.