“Toyota” компанийн ашиг 78 хувиар өсөж түүхэн дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-01 17:01:33

ТОКИО. /Kyodo/. Toyota Motor” компанийн хоёрдугаар улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 78 хувиар өсөж 1.31 их наяд иен (9.2 тэрбум ам.доллар) болж түүхэн дээд амжилт тогтоолоо гэж өнөөдөр мэдээлжээ.


Энэхүү өсөлт нь цар тахлын дараа үйлдвэрлэл сэргэж, борлуулалт нэмэгдэж, иенийн ханш суларсантай холбоотой гэжээ.


Тус компанийн борлуулалт  24.2 хувиар өсөж 10.5 их наяд иен, мөн үйл ажиллагааны ашиг нь 93.7 хувиар өсөж 1.12 их наяд иен болж тус тус улирлын дээд амжилт тогтоосон байна.


Toyota Motorнь цар тахлын үед алдсан боломжуудаа нөхөхийн тулд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр ашгаа нэмэгдүүлж чаджээ.


Иений ханш суларсан нь “Toyota Motor”-т ашигтай  байжээ. Японы Төв банкны мэдээгээр, зургаадугаар сар хүртэлх  нэг жилийн хугацаанд  Японы мөнгөн тэмдэгт америк долларын эсрэг найман иенээр унаснаар Япон, АНУ-ын хоорондын хүүгийн зөрүү ихэссэн аж.


Иений ханш 1 иенээр буурах бүр автомашин үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны ашгийг 45 тэрбум иенээр нэмэгдүүлсэн гэж уг мэдэгдэлд дурджээ.


Хойд Америк, Европ тивд автомашины борлуулалтын өсөлт, үнийн өсөлт нь энэ улирлын үйл ажиллагааны ашгийг жилийн өмнөхөөс 600 тэрбум иенээр нэмэгдүүлж, материал болон хөдөлмөрийн зардлын өсөлтийг нөхсөн байна.


Бүс нутгаар  авч үзвэл, Япон дахь бизнес нь хамгийн их өсөлттэй байсан бөгөөд үйл ажиллагааны ашиг нь хоёр дахин (700.7 тэрбум иен ) нэмэгдэж,  автомашины борлуулалт 32 хувиар өссөн байна.


Тус компани энэ санхүүгийн жилд Toyota болон Lexus брэндийн 10.1 сая автомашин үйлдвэрлэж дээд амжилт тогтоохоор төлөвлөж байна.

関連ニュース