Мбаппе багийнхнаасаа тусдаа бэлтгэл хийсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./РИА Новости/. "Пари
Сен-Жермен" клубийн хөлбөмбөгчин Килиан Мбаппе үндсэн багаасаа тусдаа
бэлтгэл хийсээр байгаа бөгөөд тус багийнхан саяхан Японд аялан тоглолт хийгээд
буцаж ирсэн юм.
Иймээс Францын аварга шалгаруулах
тэмцээний эхний тойрогт "Лорьян" багтай 12-ны
өдөр хийх тоглолтонд Мбаппе оролцох магадлал тун бага гэдгийг ажиглагчид хэлж байна.
Ийм нөхцөл байдал 9 дүгээр сарын 1 буюу зуны солилцооны цонх хаагдах хүртэл
үргэлжилж магадгүй. Хэрвээ клуб нь Мбаппег бусдад “худалдаж” чадахгүй бол
түүнийг бэлтгэлд нь гаргахаас өөр аргагүй болох бөгөөд ингээгүй тохиолдолд хөлбөмбөгчин
дангаараа гэрээг цуцлах эрхтэй. Тэрбээр “Пари Сен-Жермен” клубтэй 2023-2024 оны
улирлыг дуустал гэрээ байгуулсан ба гэрээгээ 2025 он хүртэл сунгахаас
татгалзсан юм.
Хэвлэлүүдэд бичсэнээр, Мбаппе “Реал”
клубт очиж магадгүй байгаа боловч тэрбээр чөлөөт агентын хувиар 2024 оны зун
өөр багт очих нь ПСЖ клубийн хувьд ашиггүй болчихоод байгаа юм. Ийм учраас тус
клуб Мбаппег өөр багт худалдах эсвэл гэрээгээ сунгахыг хичээж байгаа ажээ.
Мбаппе 2017 онд ПСЖ-д ирсэн
бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тус баг Францын аваргаар 5 удаа, Францын цомын
аваргаар 3 удаа шалгарсан билээ. Түүнчлэн тэрбээр Францын шигшээ багийн
бүрэлдэхүүнд 2018 онд дэлхийн аварга болж, 2022 онд ДАШТ-ий мөнгөн медаль
хүртсэн юм.