Афганистаны 1 сая иргэн орон гэрээсээ дүрвэж магадгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-15 13:24:37

КАБУЛ. /Kyodo/. Хэрвээ засгийн газрын цэргүүд болон “Талибан” бүлэглэлийн хооронд байлдаан үргэлжилсээр байвал наад зах нь нэг сая хүн орон гэрээсээ дүрвэж магадгүй гэж НҮБ-ын Афганистан дахь суурин төлөөлөгч хэлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Тадамичи Ямамото Афганистан дахь нөхцөл байдлын талаар лхагва гарагт Аюулгүйн Зөвлөлд тайлагнасан байна.

Ямамото хэлэхдээ “Пакистанаас буцаж ирэх афганистанчуудын тоо эрс нэмэгдэх болсон учир Афганистаны эрүүл мэнд болон нийгмийн тогтолцоонд хүндрэл учирч болзошгүй” гэжээ.

Мөн тэрбээр цааш нь ярихдаа “яаралтай арга хэмжээ авахгүй бол өвлийн улирал ойртож байгаа учир хэдэн мянган айл өрх хүнд байдалд орох төлөвтэй байна” гэжээ.

Засгийн газрын хүчнийхэн болон зэвсэгт босогчдын хооронд болж буй мөргөлдөөн, террорист халдлагуудын улмаас өнгөрсөн онд 10 мянга гаруй энгийн иргэд амь үрэгдэж, шархадсан байна.

Г.Доржханд

 

関連ニュース