Ойн түймрийн улмаас Канадад олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-08-18 09:58:50

ОТТАВА. /DW/. Канадын Баруун хойд нутаг дэвсгэрийн нийслэл Йеллоунайф хотод ойн түймэр ойртон ирж байгаатай холбогдуулан олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна.


Түймэр хотын хойд хэсэгт 16 км-т ойртож ирж байгаа бөгөөд хотыг өтгөн утаа бүрхжээ


Хэрэв бороо орохгүй бол Йеллоунайфын захын дүүргүүдийг бямба гараг гэхэд түймрийн аюул нөмөрч болзошгүй байна. Тус хот 20 мянга орчим оршин суугчтай.


“Бид Лентус ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхээр Баруун хойд нутаг дэвсгэрийн Йеллоунайф хотод ирээд байна” гэж Канадын Зэвсэгт хүчний командлал “X” (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ. Лентус гэдэг нь байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах армийн ажиллагааны албан ёсны нэр юм.


Канадын арми “оршин суугчдыг ой хээрийн түймрээс хамгаалахад туслалцаа дэмжлэг үзүүлэхээр газар дээр нь ажиллаж” байгаагаа мэдэгдсэн байна.


Хүндхэн өдрүүд хүлээж байна

Баруун хойд нутаг дэвсгэрийн эрх баригчид нөхцөл байдал маш таагүйгээр эргэнэ гэж үзээд түүнд бэлтгэж байна.


“Маш хүнд өдрүүд ирж байна, баасан, бямба гарагт баруун хойноос баруун хойшоо салхилснаар түймрийн аюул Йеллоунайфыг нөмөрч болзошгүй байна” гэж Баруун хойд нутаг дэвсгэрийн гал түймэртэй тэмцэх алба “Facebook” хуудсандаа бичжээ.



Йеллоунайфын оршин суугчид автомашинаар, мөн тусгай нислэгээр хотоос явж байна.


Түймэр хотоос гарах гол замыг чиглэж болзошгүйд эрх баригчид санаа зовниж байна. Иймээс оршин суугчдыг баасан гаргийн үд дунд гэхэд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.


Баруун хойд нутаг дэвсгэрийн сайд Шейн Томпсон Йеллоунайфаас хэлэхдээ "хот шууд аюулд өртөөгүй бөгөөд оршин суугчид автозам, агаарын замаар хотоос гарах аюулгүй гарц бий" гэжээ.


Ж.Трюдо яаралтай хуралдаан хийнэ


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан сайд нар болон албаны хүмүүсийг дуудан яаралтай хуралдаан хийх гэж байна.


Йеллоунайф болон эргэн тойрны бүсэд явуулж буй нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь Баруун хойд нутаг дэвсгэрийн түүхэн дэх хамгийн том ажиллагаа юм. Ингэснээр тус хүн амын тал хувийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд нутгийн уугуул иргэд ч мөн эрсдэлд орж болзошгүй байна.


2023 онд Канад улс түүхэн дэх хамгийн том ой хээрийн түймрийн аюултай тулгарч байна. Пүрэв гаргийн байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй түймэр асаж байна. Энэ онд Канадад дөрвөн гал сөнөөгч түймэрт өртөн амиа алджээ. Гал түймэр дэгдсэн нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.

 


関連ニュース