Венец хотод аялах жуулчдаас хураамж авдаг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-12 11:11:10

ВЕНЕЦ. /ВВС/. Италийн Венец хот аялал жуулчлалын ачааллыг хянах зорилгоор жуулчдаас өдөрт 5 еврогийн (5.37 ам.доллар) хураамж авах шийдвэрийг батлах төлөвтэй байна. 


14-өөс дээш насны бүх жуулчин Венец хотод аялах өдрөө урьдчилан захиалж, хураамжаа төлөх ёстой байна.


Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн хотын зөвлөлийн гишүүн Симоне Вентурини хэлэхдээ, ирэх жилийн аялал жуулчлалын оргил үед туршилт явагдана гэлээ.


"Венец бол Европын хамгийн олон жуулчин ирдэг хотуудын тоонд ордог. Тиймээс аялал жуулчлалын хэт их ачааллаас хамгийн их хохирдог" гэж тэрбээр хэлэв.


Жуулчдын хөлд дарагдсан нь Венецийн тулгамдсан асуудал гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг.


Италийн үндэсний статистикийн хүрээлэнгээс мэдээлснээр, энэ хот ердөө 7.6 хавтгай дөрвөлжин км талбайтай хэдий ч 2019 онд 13 орчим сая жуулчин хүлээн авчээ. Ирэх жилүүдэд жуулчдын тоо цар тахлын өмнөх түвшингээс давах төлөвтэй байгаа аж. 


"Хураамж нэвтүүлэх гэж байгаагийн зорилго бол Венецэд аялж буй жуулчдад жилийн аль үед (жуулчдын оргил үеээс бусад үед) аялахыг сонгох боломж олгох явдал юм. Бид жуулчдаас авах хураамжийг туршиж, шаардлагатай бол сайжруулна. Бид юу хийвэл дээр вэ гэдгийг дахиад 40 жилийн турш хэлэлцэж чадахгүй шүү дээ" гэж С.Вентурини хэлэв.


Уур амьсгалын өөрчлөлт, жуулчдын “хөлд дарагдах” зэрэг олон шалтгаанаас болж Венец хот "эргэлт буцалтгүй" устах аюулд өртөх эрсдэлд орсон тул энэ оны эхээр ЮНЕСКО тус хотыг устах аюулд өртөөд буй Дэлхийн өвийн жагсаалтад оруулахыг зөвлөсөн юм.


2021 онд хөлөг онгоц боомтын эрэг мөргөж осолдсоны дараа томоохон аяллын хөлөг онгоцнууд Венецийн түүхэн төв рүү “Giudecca” сувгаар нэвтрэхийг хориглосон билээ. Мөн хөлөг онгоцнууд байнга үерт автдаг хотын суурийг эвдэж, бохирдуулж байна гэж шүүмжлэгчид үздэг.


Гэсэн хэдий ч өдөр тутмын хураамж нэвтрүүлэх энэ төлөвлөгөө нь жуулчдын тоог сааруулж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

関連ニュース