ОРХОН: “Ачит Ихт” ХХК гурван сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-21 10:43:58
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт анх удаа “Зэс фестиваль” болох гэж байна. Энэ нь зэс олборлодог болон боловсруулдаг уул уурхайн компаниудыг сурталчлах, Эрдэнэтийн брэнд зэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулахад чиглэж байгаа юм.


Иймд “Эрдэс баялгийг сорчлохгүй ашиглаж зэсийн үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлнэ” алсын хараатай “Ачит-Ихт" ХХК-ийн үйл ажиллагаа болон Эрдэнэт хотын хөгжлийг дэмжиж буй бодлого, хөтөлбөрийн талаар сурвалжиллаа.


Лондонгийн металлын биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК нь үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, А зэрэглэлийн 99,999 хувийн цэвэршилттэй катодын зэсийг 10 дахь жилдээ үйлдвэрлэн экспортод гаргаж байна. Тус компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн балансын бус 2 дугаар овоолгыг ашиглаж, Эрдэнэт үйлдвэр 20 жил нөөцөөр хангахаар харилцан гэрээ байгуулсан юм.


Байгуулагдсан цагаасаа хойш тус компани улсын төсөвт 231 тэрбум, татвар хураамжид 258 тэрбум, орон нутгийн хөгжилд 8,3 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлд 12 тэрбум, бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд 7,3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


Гурван сая мод тарина

Уул уурхайн компаниудын нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагын эхэнд байгалийн нөхөн сэргээлт ордог. “Ачит Ихт” ХХК байгуулагдсан цагаасаа нөхөн сэргээлтээ төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Эрдэнэт хотдоо “Гурван сая мод” тарих “даалгавар” авчээ.


Иймд үйлдвэрийнхээ дэргэд 300 мянган мод бойжуулах “Мод үржүүлгийн газар” байгуулж, модны үрээ Эрдэнэт хотод ургаж буй мод, ойгоос цуглуулж тарьж байна. Одоогоор 280 мянган модыг үрээр тариад байна. Гол төлөв шилмүүс мод тарьдаг аж. Мөн Согоот уулын ойр орчмыг нөхөн сэргээж бойжуулсан модноосоо суулгахаар бэлтгэл ажлаа хангаж, булгийн эхийг хамгаалалтдаа авч арчилгаа, цэвэрлэгээг тогтмол хийж байна. Тус компани Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Орхон аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газартай зөвшилцөж гаргадаг юм. Энэ төлөвлөгөөндөө жил бүр хийх ажил, санхүүжилтээ тусган ажилладаг байна.


Ирээдүйн химичдийг бэлтгэж байна


Хүүхэд, залуусын мэдлэг, боловсролыг нь дэмжих зорилгоор дөрвөн сургуульд “Химийн лаборатори” байгуулж, тав дахь сургуульдаа тун удахгүй лабораторио хүлээлгэж өгөх аж. Монгол Улс уул, уурхайн салбараа хөгжүүлэхийн тулд боловсон хүчнээ эртнээс бэлдэж, дэмжих хэрэгтэй юм. Иймд “Ачит Ихт” ХХК ирээдүйн химичдийг бэлдэж тэднийг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахыг зорьж дэвшилтэд технологид суурилсан химийн лабораториудыг байгуулж байна. Мөн энэ жил аймгийнхаа БШУГ-тай хамтран химийн масс олимпиад зохион байгуулжээ.

Цаашид 5 га газарт “Соёл, амралтын хүрээлэн” барихаар Орхон аймгийн удирдлагуудтай ярилцаж байгаа гэлээ.


Ус цэвэршүүлэх станц барьж байна

Уул уурхайн компаниудын өрсөлдөх чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг олон улсад үнэлэхдээ тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр болон хүлэмжийн хийг бууруулахад оруулж буй үзүүлэлтээр нь дүгнэдэг.


Энэ талаар тус компанийн захирал И.Батболд хэлэхдээ, “Монгол Улс эрчим хүч үйлдвэрлээрээ бусад улсаас хараат учраас уул уурхайн компаниуд эрчим хүчний хэрэглээгээ багасгах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг илүүд үзэж байгаа. Энэ жил манай компани туршилтаар нарны станц барьсан. Мөн үйлдвэрийн орчны зам, талбайд аяны батерейтай 90 гэрэлтүүлэг тавьсан. Нэмж 50 гэрэл тавихаар төлөвлөж байгаа. Мөн үйлдвэртээ 2 мегабайтын нарны цахилгаан үүсгэвэр, зай хураагуур тавьж байна. Нарнаас цэнэгээ хураагаад, цэнэгээ үйлдвэртээ нийлүүлж улсаас авч байгаа цахилгаан эрчим хүчээ бууруулах боломжтой юм. Мөн нано фильтертэй ус цэвэршүүлэх станц барьж байна. Ингэснээр үйлдвэрээс гарч байгаа хүхрийн хүчилтэй уусмалыг аюулгүй болгож үйлдвэрийн бусад үйл ажиллагаанд дахин ашиглах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь байгальд ээлтэй үйлдвэрийг бий болгох гэсэн нэг том зорилт л доо. Ус цэвэршүүлэх станцыг ирэх онд ашиглалтад оруулна. Ингэснээр жилд 100 мянган м.куб усыг цэвэршүүлэх боломжтой болно” гэсэн юм.   


Тогтвортой ажил -Тогтвортой бодлого

Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин”, “Ачит-Ихт”, “Зэс Эрдэнийн хувь” зэрэг уул, уурхайн томоохон компаниуд бий. Эдгээр үйлдвэрт 10 мянга орчим хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотын хөдөлмөрийн насны 65 мянган хүний 10 мянга нь тус үйлдвэрүүдэд ажиллаж тогтвортой ажлын байраар хангагдаж байна гэсэн үг юм.

Ажлын байр тогтвортой байх, иргэн бүр ажилтай байх нь орон нутгийн хөгжилд чухал байр суурийг эзэлдэг. Иймд “Ачит Ихт” ХХК 200 гаруй ажилтандаа уул, уурхайн салбарын дундаж цалингаас 20 орчим хувиар өндөр цалин олгодог аж. Мөн  жил бүр 13 дахь сарын цалинг тогтмол олгож, улирал бүрд үр дүнгийн урамшуулал тооцдог гэлээ. Жил бүр 15 ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлж хоёр өрөө байрны урьдчилгаа өгч нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байна.


Зэсэн Эрдэнэт

Орхон аймагт анх удаа болох гэж буй “Зэс фестиваль”-д уул уурхайн салбарын төлөөлөл болон зэс боловсруулдаг үйлдвэрүүд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотын иргэд “Эрдэнэт” уулынхаа  зэсийг хэрхэн ашиглаж байгааг сонирхуулах юм. Энэ баялгийг Эрдэнэтийнхэн брэндээ болгосон. Эрдэнэтийг зэс, оюугүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс Зэсэн Эрдэнэт гэж нэрлэдэг.

 

関連ニュース