ОРХОН: Эрүүл ахуйн зөв дадлыг олон нийтэд төлөвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-20 13:03:47

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарын 19-нд дэлхий нийтээрээ “Дэлхийн ОО”-ын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Орхон аймгийн Эрүүл мэндийн газар болон хамтран ажилладаг байгууллагууд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ариун цэврийн байгууламжийг бий болгоё” уриан дор иргэд, өрх, байгууллагуудад зориулсан мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.


Ариун цэврийн байгууламжийн зөв хэрэглээг хэвшүүлэх, нүхэн жорлонгоос үүдэх эрсдэлийг бууруулах, эко жорлон болон орчин үеийн шийдлийг түгээх, эрүүл ахуйн зөв дадлыг олон нийтэд төлөвшүүлэх зорилготой.


Өдөрлөгийн үеэр ариун цэврийн байгууламжийг сайжруулах дэмжлэг, хөнгөлөлтийн мэдээлэл, нүхэн жорлонг зөв халдваргүйжүүлэх, үнэр дарах, шавж мэрэгчээс хамгаалах арга, эко жорлонгийн давуу тал, орон нутгийн нөхцөлд тохирох загвар, шийдэл болон хөрс, ус бохирдуулахгүй зөв байршил, стандарт, ус алдагдлыг илрүүлэх, засварлах энгийн арга, ариун цэврийн байгууламжид усны хэрэглээг багасгах зөв дадал, нүхэн жорлонгоос үүдэх эрсдэлийн үед авах арга хэмжээ, хог хаягдлын зөв менежмент, жорлонд хийхийг хориглох зүйлс ба гар угаах зөв дадлын ач холбогдлын тухай мэдээлэл зөвлөмж өглөө.


Мөн уг өдрийг тохиолдуулан Орхон аймгийн иргэд, өрх, байгууллагуудыг гэр болон ажлын байрны ариун цэврийн байгууламжийг зөв боловсронгуй болгон сайжруулах мэдлэг, мэдээлэлтэй болж бусдад түгээх уриалгыг гаргасан.


Эрүүл аюулгүй, байгальд ээлтэй орчныг хүн бүр бүтээж хамтдаа хичээвэл үр дүнтэйг онцоллоо.




関連ニュース