2030 оны ДАШТ гурван тивийн зургаан улсад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-10-05 10:44:47

ЦЮРИХ, 2023 оны аравдугаар сарын 5 /BBC/. 2030 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ гурван тивийн зургаан улсад болно гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ мэдэгдлээ.


Испани, Португал, Марокког тэмцээнийг хамтран зохион байгуулах улсуудаар зарласан бөгөөд нээлтийн гурван тоглолт Уругвай, Аргентин, Парагвайд болох ажээ. Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн Уругвайн нийслэл Монтевидео хотноо болсны 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөд Америкт нээлтийн тоглолтуудыг зохион байгуулахаар товложээ.  


Дээрх шийдвэрийг ирэх онд болох ФИФА-гийн Конгрессын үеэр батлах төлөвтэй байна. Үүний сацуу ФИФА 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтийг зөвхөн Азийн хөл бөмбөгийн холбоо, Далайн орнуудын хөл бөмбөгийн холбооноос хүлээж авна гэдгээ давтан мэдэгдсэн.  Үүний дараа Саудын Араб улс тус тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа анх удаагаа илэрхийлжээ. Тэмцээнийг олон тивийг дамнан зохион байгуулах гэсэн ФИФА-гийн шийдвэр нь шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд Football Supporters Europe гэдэг байгууллагын зүгээс дэлхийн хамгийн агуу тэмцээнийг бусниулж байна хэмээн ФИФА-г буруутгалаа.


Харин ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино мэдэгдэхдээ “хуваагдан талцсан дэлхий ертөнцийг ФИФА болон хөл бөмбөг нэгтгэж байна, дэлхийн хөл бөмбөгийн салбарыг бүхэлд нь төлөөлдөг ФИФА-гийн зөвлөлөөс Уругвайд 1930 онд болсон ДАШТ-ий 100 жилийн ойг хамгийн зохимжтой хэлбэрээр тэмдэглэх тухайд санал нэгдсэн" гэв. “2030 онд бид Африк, Европ, Өмнөд Америк гэсэн гурван тивийн Аргентин, Марокко, Парагвай, Португал, Испани, Уругвай гэсэн зургаан улсыг хамарсан тэмцээнээр дэлхий дахиныг нэгтгэж, ФИФА-гийн ДАШТ-ий 100 жилийн ойг хамтдаа тэмдэглэх болно” гэж тэрбээр мэдэгджээ.


1930 оны анхны тэмцээнийг зохион байгуулж байсан Уругвайн Монтевидео хотод 2030 оны ДАШТ-ий эхний тоглолтыг, Аргентин, Парагвайд дараагийн тоглолтуудыг зохион байгуулах ажээ. 48 багийн үлдсэн тоглолтууд Хойд Африк, Европт өрнөнө. Дэлхийн хоёр тал бөмбөрцөгт тэмцээнийг зохион байгуулснаар багууд хоёр өөр улиралд тоглох боломжтой болно гэсэн үг.


2030 оны ДАШТ-ий талаарх санал дэмжигдсэн тохиолдолд Марокко улс энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Африкийн хоёр дахь улс болно. Түүнчлэн үнсэлтийн дуулианы улмаас Испанийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес албан тушаалаасаа огцорсноос хойш хэдхэн долоо хоног өнгөрч буй энэ үед Испани улс хамтарсан зохион байгуулагчаар шалгарлаа. Тус улс хамгийн сүүлд 1982 онд ДАШТ-ийг зохион байгуулж, Италийн хөлбөмбөгчид гурав дахь удаагаа түрүүлсэн билээ. Харин Португал улсын хувьд уг тэмцээнийг зохион байгуулж байгаагүй юм. 


Өмнөх ДАШТ-үүдийн нэгэн адилаар Уругвай, Аргентин, Парагвай, Испани, Португал, Марокко гэсэн зургаан улс бүгд автоматаар хамтран зохион байгуулагч орнууд болох ажээ.

関連ニュース