Тэрбумтан Ж.Рэтклифф “МЮ”-гийн хувьцааг сонирхож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 5 /Forbes/. Их Британийн тэрбумтан, Ineos химийн концернийн эзэн Жэймс Рэтклифф Английн хөл бөмбөгийн “Манчестер Юнайтед” клубийн нийт хувьцааны 25 хувийг 1,5 тэрбум фунт стерлинг буюу 1,8 тэрбум доллароор худалдан авах боломжийг судалж байгаа ажээ.
Энэ бол тус клубийн эзэд болох ах дүү хоёр Глейзер бүх
хувьцаагаа 6 тэрбум доллароор үнэлж буйтай дүйцэхүйц үнэ юм.
Өмнө нь Рэтклифф клубын хувьцааны 69 хувийг худалдан авахаар
сонирхож байсан юм. Үүний зэрэгцээ Катарын шейх Жассим бен Хамад аль Тани “МЮ”-г
7,53 тэрбум доллароор худалдан авах хүсэлтээ ирүүлжээ. Гэвч одоогоор энэ хоёр тэрбумтны
хэнтэй нь ч хэлэлцээ
хийж эхлээгүй байна.
Ах дүү Аврам Глейзер, Жоэл Глейзер хоёр Манчестер Юнайтед клубийг 2005 онд 1,34 тэрбум доллароор худалдан авсан юм. Тэр цагаас хойш “улаан
чөтгөрүүд” таван удаа Английн Премьер Лигийн аваргаар шалгарч, Английн Лигийн
цомыг дөрвөн удаа, Английн Супер цомыг зургаан удаа тус тус хүртсэнээс гадна Аваргуудын
лигт түрүүлж байв.
Гэсэн хэдий “МЮ”-гийн хөгжөөн дэмжигчид ах дүү Глейзерт таагүй
ханддаг байна. Өнгөрсөн
оны 11 дүгээр сард клубийг эзэмшигчид хөрөнгө оруулалтын "Raine Group" банкинд
хандаж, "МЮ”-г худалдахаар төлөвлөж байгаагаа танилцуулжээ.
Тус клубийн хувьцааг худалдан авах гэж буй Рэтклифф 20,9 тэрбум
долларын хөрөнгөтэй бөгөөд том компаниудын хувьцааны ханшийг ажиглаж бодит
цагийн горимд ажилладаг Forbes Real-Time чансаанд 79 дүгээрт бичигдэж байгаа
ажээ.
Английн Премьер Лигийн долоо тойргийн тоглолтын дараах
байдлаар Манчестер Юнайтед баг 9 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 10 дугаарт бичигдэж байна.