АНУ-ын Симона Байлз түүхэнд хамгийн олон медаль хүртсэн гимнастикч боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АНТВЕРП, 2023 оны аравдугаар сарын 7 /ВВС/. Бельги улсад болж буй спортын гимнастикийн ДАШТ-нд АНУ-ын гимнастикч Симона Байлз өчигдөр буюу баасан гарагт олон төрөлтийн үнэмлэхүй аварга болж алтан медаль хүртлээ.
Өдгөө 26 настай тэрбээр энэ долоо хоногийн эхээр Америкийн багийг долоо дахь удаагаа аварга болоход гол үүрэг гүйцэтгэж, эхний алтан медалиа авсан юм. Ингэснээр С.Байлз ДАШТ болон Олимпын нийт 34 медаль буюу түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн гимнастикч боллоо.
С.Байлз 58.399 оноогоор олон төрөлтөд аваргалжээ. Тэрбээр Бразилын
Ребека Андрадег (56.766) ялж, алтан медаль авсан бөгөөд түүний нэг багийн анд Шилис Жонс 56.332 оноогоор
хүрэл медаль хүртлээ.
С.Байлз сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахын тулд хоёр жилийн өмнө
спортоос түр завсарласны дараа анх удаагаа олон улсын тэмцээнд эргэн ирж, Антверпийн ДАШТ-ий үнэмлэхүй аварга болж
байна.
Ийнхүү тэрбээр олон төрөлтөөр дэлхийн
зургаан удаагийн үнэмлэхүй аварга болж, ДАШТ-ий нийт 27 медаль, үүнээс 21 алтан медалийн эзэн боллоо.
Спортын гимнастикийн ДАШТ есдүгээр сарын 30-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 8 буюу маргааш өндөрлөнө.