СҮХБААТАР: Ахмадууд нөхөрлөл байгуулж, байгаль орчны чиглэлээр ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2023 оны аравдугаар
сарын 16 /МОНЦАМЭ/. Түмэнцогт суманд 2015 оноос хойш Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй
"Түмэн барбарис" ахмадын нөхөрлөл бий. Тэд малчид, иргэд, явуулын зорчигчдод ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах чиглэлээр явуулын болон суурин сургалт мэдээллийг өгдөг байна.
Мөн жил бүр сумын төвийн нийтийн эзэмшлийн зам талбай, Хар ямаатын ууланд тогтмол мод тарьдаг аж.
"Түмэн барбарис" нөхөрлөл нь 10 гаруй гишүүнтэй. Өдгөө 75 нас хүрч буй сумын Засаг дарга, орлогч даргаар ажиллаж байсан Э.Арсланбаатар ахмадуудаа нэгтгэж тус нөхөрлөлийг байгуулжээ. Тэрбээр "Аймгийн засаг дарга болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар бидний үйл ажиллагааг байнга дэмждэгт маш их талархдаг. Тэр хэрээрээ манай ахмадууд урамтай сайн ажилладаг. Бид цаашид сумынхаа иргэдийг гэр, хашаа байшингийнхаа орчимд мод тарих, нийтийн орон сууцны орцны тохижилтыг хэрхэн хийж болох талаар ярилцаж, сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, түүгээрээ дамжуулан хүүхэд багачуудад зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор ажиллахаар төлөвлөж байгаа" гэв.