Ташаа мэдээллийн эсрэг үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхийг Meta, TikTok-оос хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ, 2023 оны аравдугаар сарын 20 /Reuters/. Өөрсдийн платформуудад терроризм, хүчирхийллийн агуулга бүхий контент, үзэн ядах үг хэллэг түгээхтэй хэрхэн тэмцэж байгаа талаараа долоо хоногийн дотор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Европ Комисс /ЕК/ Meta, TikTok компаниудаас хүсжээ. ЕК долоо хоногийн өмнө Илон Маскийн X компанид мөн ийм хүсэлт гаргасан юм.
ХАМАС бүлэглэл
Израил руу халдан довтолсноос хойш буруу ташаа мэдээлэл олширч байгааг судлаачид онцолж байгаатай холбогдуулан пүрэв гарагт дээр дурдсан хоёр компанид мэдээлэл авах
хүсэлт илгээсэн гэж ЕК мэдэгджээ. Тус комисс
компаниудын хариултад сэтгэл хангалуун бус байвал мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох юм.
Саяхан хэрэгжиж эхэлсэн Дижитал үйлчилгээний тухай хууль /DSA/ буюу цахим контентын шинэ журмын дагуу томоохон цахим платформууд хууль бус, хор уршигтай контентыг устгах талаар илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болсон бөгөөд эс бөгөөс орлогынхоо 6 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх эрсдэлтэй тулгарах болжээ.
“Meta, TikTok компаниуд хямралын үед хариу арга хэмжээ авахтай холбоотой мэдээллийг 2023 оны аравдугаар сарын 25-ны дотор, сонгуулийн шударга байдлыг хамгаалах талаарх холбогдох мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 8-ны дотор ирүүлэх ёстой” гэж ЕК мэдэгдсэн байна.