Английн "Арсенал" Аваргуудын лигт хэсгээ тэргүүлж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СЕВИЛЬЯ, 2023 оны аравдугаар сарын 25 /TASS/. Английн хөл бөмбөгийн "Арсенал" баг Аваргуудын лигийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Испанийн “Севилья” багийг 2:1 оноогоор талбайд нь буулгаж авлаа. Тоглолт Севилья хотын “Рамон Санчес Писхуан” цэнгэлдэх хүрээлэнд болжээ.
Зочин багийн бразил довтлогч Габриэл Мартинелли (45+4), Габриэл Жезус (53 дахь минут) нар, талбайн эздээс Неманья Гудель (58 дах минут) гоол оруулсан байна. Хоёр баг 2007 оноос хойш Аваргуудын лигт анх удаа учраа таарсан бөгөөд тухайн үед нэг хэсэгт тоглохдоо талбайдаа хожиж (Лондонд 3-0, Севильяд 3-1) байв.
"Севилья"-гийн хувьд энэ улирлын тэмцээнүүдэд сүүлийн таван тоглолтод хожиж чадаагүй юм. Харин “Арсенал” ганц л хожигдол хүлээсэн нь Аваргуудын лигийн хэсгийн хоёрдугаар тойрогт Францын “Ланс” багт ялагдсан тохиолдол байлаа.
“Арсенал”, “Севилья” багуудтай нэг хэсэгт багтсан “Ланс” болон Нидерландын “ПСВ” багууд хоорондоо (1:1) тэнцсэн байна "Севилья"-г хожсоноор Английн баг 3 тоглолтын дараах байдлаар 6 оноотойгоор В хэсгийг тэргүүлж байгаа бол “Ланс” 5 оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. “Севилья”, “ПСВ” багууд тус тус 2 оноотойгоор гурав, дөрөвдүгээрт бичигджээ.
Энэ өдөр болсон өөр нэгэн тоглолтод “Манчестер Юнайтед” талбай дээрээ Данийн "Копенхаген”-ыг (1:0) хожлоо. Тоглолтын төгсгөлд нэмэлт цагт “Манчестер Юнайтед”-ад торгуулийн цохилт өгч, цохилтыг “Спартак” багийн тоглогч асан Жордан Ларссон гүйцэтгэсэн боловч Английн багийн хаалгач Андре Онана хааж чадлаа.
Тоглолт эхлэхийн өмнө "Манчестер Юнайтед" багийн ахлагч асан, 1966 оны дэлхийн аварга Бобби Чарльтоны дурсгалыг хүндэтгэх ёслол болжээ. Тэрбээр аравдугаар сарын 21-нд 86 насандаа таалал төгссөн юм. Хөгжөөн дэмжигчид болон багуудын тоглогчид Чарльтоны дурсгалыг нэг минут чимээгүй зогсон хүндэтгэсэн бол ахлах дасгалжуулагч Эрик Тэн Хаг талбайн голд цэцэг байрлуулжээ.
Германы “Байерн Мюнхен” баг Туркийн “Галатасарай” багийг нутагт нь 3:1-ээр хожиж, А хэсэгт тэргүүллээ хадгалж үлдлээ. С хэсгийн тоглолтод “Реал Мадрид” Португалын “Брага” багийг талбайд нь (2:1), Италийн “Наполи” баг Берлиний "Унион"-ыг (1:0) талбайд нь хожлоо. D хэсэгт “Интер Милан” талбай дээрээ Австрийн “Зальцбург”-ийг (2:1) давамгайлсан бол “Бенфика” Лиссабонд Испанийн “Реал Сосьедад” багт (1:0) хожигджээ.