Ховор элементүүдийн ханган нийлүүлэлтийн асуудлаар G7-гийн сайд нар санал нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-29 11:14:05

ОСАКА, 2023 оны аравдугаар сарын 29 /Kyodo/. “Долоогийн бүлгийн” (G7) орнууд цахилгаан машин үйлдвэрлэхэд ашигладаг газрын ховор элементүүдийн ханган нийлүүлэлтийн найдвартай бөгөөд уян хатан сүлжээг бий болгох асуудлаар бямба гарагт тохиролцоонд хүрлээ гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясүтоши мэдэгдлээ.


Осака мужид  хоёр өдөр үргэлжилсэн  G7-гийн худалдааны сайд нарын  уулзалтад хөгжиж буй хөгжиж буй орнуудын сайд нарыг анх удаа урьж оролцуулсан бөгөөд хурлыг хамтран даргалагч Н.Ясүтоши нээлтийн өдрийн хуралдааны дараа дээрх мэдэгдлийг хийжээ.


Сүүлийн үеийн геополитикийн орчинд найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын ач холбогдол өсөж байгаа тул G7-гийн сайд нар байгалийн баялаг ихтэй улс орнууд, ялангуяа “Өмнөдийн” гэгддэг орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна.


Орос-Украины  дайн үргэлжилж, хагас дамжуулагчийн технологийн талаарх АНУ-Хятадын зөрчилдөөн зэрэг нь эдийн засгийн аюулгүй байдал, компьютерийн чип, цэнэг хураагуур үйлдвэрлэхэд шаардлагатай материалын ханган нийлүүлэлтийн сүлжээг онцгой анхаарахад хүргэж байгаа юм.


Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын зах зээлд багагүй хувийг эзэлдэг Хятад улс 12 дугаар сарын 1-нээс эхлэн цэнэг хураагуур, түлшний элементүүд, цөмийн хөдөлгүүрт ашигладаг бал чулууны экспортод хязгаарлалт тогтоосноо энэ сарын эхээр зарласан билээ.


Энэ онд 20-ийн бүлгийн чуулганыг даргалж буй Энэтхэг улсаас гадна Австрали, Чили, Индонези, Кени улсууд болон Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд, G7-гийн гишүүд болох Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ болон Европын Холбооны төлөөлөгчид энэ удаагийн хуралдаанд оролцжээ.

関連ニュース