Пепе - Аваргуудын лигт гоол оруулсан хамгийн ахмад тоглогч

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-11-08 10:50:51

ПОРТО, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /RT/. Португалын "Порто” багийн тоглогч Пепе Аваргуудын лигийн тоглолтод гоол оруулсан хамгийн ахмад хөлбөмбөгчин боллоо. 


Тус лигийн тэмцээний H хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолт мягмар гарагт Порто хотын "Драгао" цэнгэлдэх хүрээлэнд болж, 2:0 харьцаагаар талбайн эзэн баг хожжээ. Эхний гоолыг Эванилсон тоглолтын 32 дахь минутад торгуулийн цохилтоор оруулсан бол Пепе тоглолтын төгсгөлд 90+1 минутад гоолдсон байна. 


Пепе "Антверпен" багийн хаалганд 40 нас 254 хоногтойдоо гоол оруулсан байна. Тэрбээр Италийн “Рома” багийн ахлагч Франческо Тоттигийн бараг есөн жилийн турш эзэмшсэн "дээд амжилт"-ыг эвджээ. Тотти 2014 оны 11 дүгээр сарын 25-нд 38 нас 59 хоногтойдоо Москвагийн ЦСКА багийн хаалганд гоол оруулж байв.


Одоо “Порто” клуб 9 оноотой болсноор хэсгээ тэргүүлэгч Испанийн “Барселона” багтай зэрэгцэж ирэв. “Антверпен”-ий хөлбөмбөгчид дөрвөн тоглолтод дараалан хожигдсоноор Аваргуудын лигийн тэмцээний 1/8 шигшээд шалгарах боломжгүй болжээ. 

関連ニュース