"Эв найрамдлын тоглолтод" оролцохгүй байхыг ОУОХ уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-15 16:13:23

ЛОЗАННА, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /ТАSS/. "Эв найрамдлын тоглолт"-од оролцохгүй байхыг Үндэсний Олимпын Хороодод (ҮОХ) хандан Олон улсын Олимпын хорооноос (ОУОХ) анхаарууллаа. Оролцох аваас энэ нь Оросын спортын салбарын эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн хэрэг болох ажээ.  


Энэ тухай ОУОХ-ны Үндэсний Олимпын хороодтой харилцах газрын захирал Жеймс Маклауд мэдэгдсэн бөгөөд түүний хийсэн тайлбарыг Inside the games цахим хуудсанд нийтэлжээ.


"Дэлхийн спортод улс төржилт улам газар авч байгаа тул энэхүү санаачилгад болгоомжтой хандахыг бид бүх ҮОХ-доос хүсэж байна. Эв найрамдлын тоглолтод ҮОХ-д оролцох нь ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 2022 оны хоёрдугаар сарын 25-нд гаргасан "ОХУ-д зохиогдох олон улсын спортын арга хэмжээний" талаарх зөвлөмжид харшлаад зогсохгүй спортын бие даасан, хараат бус байдлыг хадгалахад чиглэсэн Олимпын хөдөлгөөний нийтлэг зорилгод нийцэхгүй" гэж Ж.Маклауд мэдэгдсэн байна.


ОУОХ-ны тэргүүн Томас Бах зургаадугаар сарын 22-нд мэдэгдэхдээ "ОХУ улс төржсөн спортын уралдаан тэмцээн зохион байгуулахаар оролдож байна" гэж байв.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн зуны эв найрамдлын тоглолтыг анх удаагаа 2024 оны есдүгээр сард Москва хотноо зохион байгуулах шийдвэр гаргасан юм. БРИКС-ийн наадам болон "Эв найрамдлын тоглолт" нь улс төржсөн уралдаан тэмцээн биш бөгөөд ОУОХ-ны эсрэг чиглээгүй гэж ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин өмнө нь мэдэгдэж байв.


Энэ оны гуравдугаар сарын сүүлчээр ОУОХ-ноос гаргасан зөвлөмжинд "Украинд явуулж буй тусгай ажиллагааг дэмжиж байгаагаа олон нийтэд зарлаагүй, зэвсэгт хүчин ба үндэсний аюулгүй байдлын агентлагуудтай холбоогүй Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд бие даасан статустайгаар оролцуулж болно" гэж дурдсан байна. Үүний зэрэгцээ Орос, Беларусь улсууд нутаг дэвсгэртээ олимпын төрлүүдээр спортын олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулахыг ОУОХ хориглосон юм.




関連ニュース