ЗАВХАН: Төрийн албаны шалгалтыг улирал бүр зохион байгуулснаараа иргэдэд боломж олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-23 14:09:23

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилго бүхий шалгалт болж 51 иргэн тэнцжээ.

2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 22-ны өдөр дөрвөн ээлжээр зохион байгууллаа.

Орон даяар нэгэн зэрэг эхэлсэн энэ шалгалтад Завхан аймагт 134 иргэн шалгалтад орж, 51 иргэн тэнцлээ. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг орон даяар зарлаж, бүртгэлийг нэг сарын турш цахим хуудсаар дамжуулан хүлээн авсан.


Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хамтран журмын дагуу зохион байгуулалт сайтай явууллаа. Шалгалтад орж буй иргэд хурууны хээгээр бүртгэлээ баталгаажуулж, шалгалт эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзэлсэн.


Мөн шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд хянах боломжийг бүрдүүлж, Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт хяналтын дэлгэц байрлуулж ажилласан.

Төрийн албаны шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа зохион байгуулдаг болсон нь иргэдэд маш их боломжийг олгосон. Тухайн жилд аль нэг улиралд бүртгүүлсэн иргэд шалгалтдаа оролцох боломжтой юм гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Ташрамд төрийн албаны шалгалтад тэнцэлтийн байдлаар Завхан аймаг улсын дунджаас дээгүүр байр эзэлжээ.

関連ニュース