ЗАВХАН: Pearson англи хэлний хөтөлбөрт төгсөх ангийнхныг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-27 17:21:08

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах сургалтыг зохион байгууллаа.


Боловсролын ерөнхий газар IEDC – Pearson partner Mongolia байгууллагын хамтарсан баг 11 дүгээр сарын 24-25-ны өдөр Завхан аймагт ажиллажээ. Аймгийн төрийн өмчит бүх ерөнхий боловсролын сургуулийн удирдлага болон англи хэлний багш нарт “Pearson” англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сургалтыг явуулж, зөвлөн туслах ажлыг хийсэн байна.


Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад 2023-2024 оны хичээлийн жилд баримтлах чиглэлийн талаар болон IEDC – Pearson partner Mongolia байгууллагын зүгээс “Pearson” англи хэлний хөтөлбөрийн талаарх мэдээлэл болон Pearson English Connect дижитал платформ хэрхэн ажилладаг, сургалтын орчны бэлэн байдалтай холбоотой мэдээллийг өгчээ.


Түүнчлэн Завхан аймгийн англи хэлний багш нарын “Pearson English Connect” дижитал платформын мэдлэгийг сайжруулах, заар аргазүйд нь дэмжлэг үзүүллээ. Энэ үеэр багш нарт тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн зөвлөн туслах ажиллагааг сургалтад оролцогч бүрд өгснөөрөө онцлогтой, үр дүнтэй сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа боллоо. Энэ сургалтад 30 сургуулийн 50 орчим удирдлага, 67 англи хэлний багш хамрагдсан гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.


Ташрамд энэ хичээлийн жилээс буюу 2023 оны 9 дүгээр сарын 1–ний өдрөөс улсын бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн аж.

Тус  хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтдаа ашигладаг.


Завхан аймгийн тухайд Засаг дарга Г.Өнөрбаярын санаачилга хүсэлтээр тус хөтөлбөрийн хичээлийг аймгийн хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид хэрэгжүүлэхээр болжээ.

Хөтөлбөрийн дагуу 12 дугаар ангийн суралцагчид олон улсын стандартын дагуу сурах бичиг, цахим хосолсон хэлбэрээр хичээллэнэ. Суралцагчдыг оношлох, явцын, сүүлийн үнэлгээ гэсэн шалгуураар үнэлж үр дүнг тооцох ажээ.


Хөтөлбөр хэрэгжсэнээр төгсөх ангийн суралцагчид англи хэлний олон улсын стандартын хичээлийг судлахаас гадна элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авах. Гадаадын их дээд сургуульд элсэхэд суурь болох олон талын ач холбогдолтой аж.

Pearson English Connect дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй.



Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэй. 


Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг дагаан хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой юм.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах. Түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгааг энэ удаагийн сургалтаар дэлгэрэнгүй авчээ.  

関連ニュース