Орос, Беларусийн тамирчдыг Парисын Олимпод оролцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 /DW/. 2024 оны Парисын Олимпод оролцох эрхээ аваад буй Орос, Беларусийн тамирчдыг Олимпын наадамд оролцохыг зөвшөөрч байна гэж Олон улсын олимпийн хороо (ОУОХ) баасан гарагт мэдэгдлээ.
Эдгээр тамирчид бие даасан статустайгаар Олимпод оролцох
бөгөөд өөрийн улсын туг далбааг барих, төрийн сүлд ба төрийн дууллыг ашиглах боломжгүй.
“Олон улсын спортын холбоодын (IFs) сонгон шалгаруулалтад тэнцсэн бие даасан статус бүхий тамирчид 2024 оны Парисын Олимпын наадамд оролцох эрхтэй гэдгийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл зарлан мэдэгдэхээр шийдвэрлэлээ" гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
2022 оны хоёрдугаар сард Оросын арми Украин руу халдан довтолсны дараа Орос, Беларусийн тамирчдыг олон улсын спортын тэмцээн уралдаанд оролцохыг хориглох тухай шийдвэрийг ОУОХ гаргасан билээ. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд уг хоригийг Олимпын хэд хэдэн спортын төрлүүдэд зөөлрүүлж, Орос, Беларусийн тамирчид “хатуу нөхцөлтэйгээр” бие даасан статустайгаар оролцох боломжийг олгосон юм.
Дээрх шийдвэрийн дагуу 2024 оны Парисын Олимпын тоглолтод тус хоёр улсын тамирчдыг ганцаарчилсан төрлийн уралдаан тэмцээнд оролцохыг зөвшөөрч, харин багийн тэмцээнүүдэд оролцуулахгүй ажээ.
"Дайныг идэвхтэй дэмжиж байгаа тамирчид" болон
"Орос, Беларусийн арми, үндэсний аюулгүй байдлын албадуудтай гэрээ байгуулсан
тамирчид" Олимпод
оролцохыг хориглоно гэж ОУОХ мэдэгдэж байгаа юм.
Одоогийн байдлаар ОХУ-ын найм, Беларусийн гурван иргэн Парисын Олимпод оролцох эрхээ аваад байна. Мөн Олимпын эрхээ аваад буй нийт 4600 орчим тамирчны дотор 60 гаруй украинчууд багтжээ.