ӨВӨРХАНГАЙ: Өсвөрийн сурвалжлагчдын "Бал+чир медиа" клубыг байгуулан цогц сургалтыг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-14 15:29:14

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас хэвлэл мэдээллийн байгууллагуудын “Ган үзэг – 2023” шинэ жилийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, ололт амжилтаа дүгнэлээ.

Өвөрхангай аймагт өнөөдрийн байдлаар гурван телевиз, сонин, сэтгүүл, фм радио тус бүр нэг, хоёр вэбсайтын редакци тогтмол үйл ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгийн 130 гаруй мянган иргэний мэдэх эрхийг ханган ажиллаж байна.


Тус салбарын хувьд 2023 оныг ажлын өндөр үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа юм. Тодруулбал, сэтгүүлч Г.Нямнарангийн бөөр шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг олохоор хандивын аяныг санаачлан өрнүүлж, хамтын хичээл зүтгэлээр 60 гаруй сая төгрөгийн хандивыг Г.Нямнарангийн дансанд төвлөрүүлж чадсан байна.


Мөн ярих, бичих ур чадвараа хөгжүүлэх, фото, видео эвлүүлэг чиглэлээр суралцах, ирээдүйд сэтгүүлч мэргэжлийг сонгох хүсэлтэй сурагчдын дунд “БАЛ+ЧИР МЕДИА” өсвөрийн сурвалжлагчдын клубыг байгуулж, сэтгүүлзүйн анхан шатны цогц сургалтыг явуулж байна. Энэ хүрээнд Өвөрхангай аймагтай хамтын ажиллагаатай  ОХУ, БНХАУ, Франц улс руу сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, клубын хүүхдүүдийг оролцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.


“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан урлаг соёл, спортын тэмцээн, уралдаан, сайн үйлсийн аян, ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Тэрчлэн хэвлэн мэдээлэх, хяналт тавих, төр засаг, ард түмний “гүүр” болж ажиллах чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлж, өдөр тутмын болон хөндөх сэдвийн мэдээ, мэдээллээр олон нийтийг ханган ажиллаж байна.


 МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар нь өнгөрсөн 10 сард бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн байгуулсан бөгөөд Малчин телевизийн сэтгүүлч Т.Мөнхтөр тэргүүнээр сонгогдон зургаан Тэргүүлэгч, Хяналтын зөвлөлийн гурван гишүүний хамтаар үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж байна.


“Ган үзэг – 2023” шинэ жилийн баяраар ахмад сэтгүүлч С.Мөнхдалай, На.Пүрэв нар сургамж үгээ айлдаж,  “Сэтгүүлзүй нэг хүний биш олон хүний хүч шингэсэн ажил учраас эв нэгдэл хамгийн чухал” гэдгийг онцлон санууллаа. Мөн аймаг, орон нутгийн болон салбарын шагналуудаар шилдэг, тэргүүний сэтгүүлчдээ шагнан урамшуулав. 





関連ニュース