СҮХБААТАР: FLEX хөтөлбөрийн шилдэг төгсөгч Н.Сод-Эрдэнэ оны онцлох хүүхдээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр Сүхбаатар аймгийн 2023 оны онцлох хүүхдүүдийг шалгарууллаа.
Баруун-Урт сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Н.Сод-Эрдэнэ сурлагын амжилт төрөлд онцлох хүүхдээр шалгарав. Тэрбээр Flex буюу Ирээдүйн манлайлагчдын солилцооны хөтөлбөрийн 2022-2023
оны шилдэг төгсөгч юм.
Өнгөрсөн оны хичээлийн жилд сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан АНУ-д суралцаад иржээ. Энэ хугацаанд олон амжилт, үр дүнг гаргасан байна. Тодруулбал, Америкийн ирээдүйн бизнесийн удирдагчид нийслэлийн манлайлагчдын уралдаанд олон улсын бизнес төрлөөр тэргүүн байр, илтгэлийн төрөлд тусгай байр, Вашингтон мужийн манлайлагчдын уралдааны шилдэг оролцогчдын нэг, Timberline ахлах сургуулийн гурав, дөрөвдүгээр сарын шилдэг суралцагч, шатрын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр байр, Америкийн ахлах сургуулиудын үндэсний холбооны элч төлөөлөгч, хүндэтгэлийн медалийн болзлыг хангасан сурагчаар шалгарчээ. Мөн АНУ-ын ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн 30 цагийн сайн дурын ажил хийж, байгаа газраа Монгол Улсаа сурталчлан таниулах гурван цагийн үйл ажиллагааг өөрөө санаачлан зохион байгуулсан байна.
Н.Сод-Эрдэнэ нь өдгөө сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг бөгөөд аймагтаа шатрын спортын топ тамирчдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Одоогоор TOEFL-ийн шалгалтад бэлтгэж буй бөгөөд тэнцсэн тохиолдолд гадаадад сурч, мэргэжил эзэмшихээр төлөвлөж буй ажээ.
Ийнхүү сурлага, урлаг уран бүтээл, спорт, техник сэтгэлгээ шинэ санаачилга, монгол ёс түүх соёлыг өвлөн уамжлагч, байгаль хамгаалал, хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн, хүүхдийн оролцооны өөрөө удирдах байгууллага гэсэн төрлүүдээр онцлох хүүхдүүдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
Энэхүү үйл ажиллагааг жил бүр аймгийн ГБХЗХГ, ЗДТГ хамтран зохион байгуулдаг юм.