Хутичуудын халдлагыг зэмлэн буруушаасан тогтоолыг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-11 17:31:48

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 11 /Reuters/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Улаан тэнгист хөлөг онгоцууд руу халдаж байгааг зэмлэн буруушааж, ийм үйлдлээ нэн даруй зогсоохыг Йемений хутичуудаас шаардсан тогтоолыг лхагва гарагт баталлаа.


АНУ, Японы талын өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг тус зөвлөлийн 11 гишүүн дэмжсэн бол ОХУ зэрэг дөрвөн орон түдгэлзжээ. Санал хураалт эхлэхээс өмнө ОХУ тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан боловч хүлээж аваагүй байна.


Уг тогтоолд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш худалдааны хөлөг онгоцнууд руу халдсан 20 гаруй үйлдлийг эрс зэмлэн буруушааж, дэлхийн худалдаанд саад учруулж, навигацийн эрх, эрх чөлөөг алдагдуулж буй бүх халдлагыг нэн даруй зогсоохыг хутичуудаас шаарджээ. Түүнчлэн Израилын компанитай холбоо бүхий Японы оператор компанийн “Galaxy Leader ачаа тээврийн хөлөг онгоц болон уг хөлгийн багийнхныг нэн даруй суллахыг шаардсан байна.


Улаан тэнгис дэх нөхцөл байдлыг улам хурцатгахгүйн тулд болгоомжтой, тэвчээртэй байхыг уриалсан уг баримт бичигт мөн Улаан тэнгист худалдааны хөлөг онгоц руу халдсан хутичуудын үйлдлийн талаар Аюулгүйн Зөвлөлд ирэх долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр бичгээр тайлан гаргаж өгөхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс хүсжээ.


Хутичууд Улаан тэнгисийн өмнөд хэсгээр дамжин өнгөрөх хөлөг онгоцууд руу халдлага үйлдэж байгаа бөгөөд Израил руу явж буй бүх хөлөг онгоц руу халдана гэдгээ анхааруулсан байна. Тэд Газын зурваст Израилын түрэмгийлэл, бүслэлт-тэй тулгарч буй палестинчуудыг дэмжих зорилгоор халдлага үйлдэж байгаа гэдгээ зарлажээ. Улаан тэнгис бол газрын тос, түлш тээвэрлэхэд хамгийн чухал далайн замуудын нэг юм.

関連ニュース