Хөл бөмбөгийн Азийн цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-12 15:06:05

ДОХА, 2024 оны нэгдүгээр сарын 12 /Anadolu/. Ази тивийн хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Азийн цомын тэмцээн Катар улсад өнөөдөр эхэлнэ. 


1956 оноос хойш зохион байгуулагдаж буй энэ тэмцээн бол тивийн хөл бөмбөгийн багуудын хувьд гол чухал тэмцээн юм. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/ дөрвөн жил тутамд нэг удаа, нийтдээ 17 удаа шилдэг багуудыг тодруулжээ. 18 дахь удаагийн тэмцээн хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.


Өмнө нь тус тэмцээнийг 2023 оны 6-7 дугаар сард БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч тус улсад шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн тул Хятадын тал тэмцээнийг зохион байгуулахаас татгалзжээ. Ингэснээр Катар улс 2024 онд Азийн цомын тэмцээнийг зохион байгуулахаар болж хойшлогдсон юм.


Тэмцээний эхний тоглолт Катарын Лусаил хотын «Лусаил Айконик» цэнгэлдэх хүрээлэнд болж, Катар, Ливаны шигшээ багууд тоглоно. Тус цэнгэлдэх хүрээлэнг 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан барьжээ. Тоглолт орон нутгийн цагаар 19.00 цагт эхэлнэ. 


Тэмцээний хэсгийн тоглолтууд нэгдүгээр сарын 12-25-ны хооронд үргэлжлэх болох шөвгийн 16-гийн тоглолтууд нэгдүгээр сарын 28-31-нд, шөвгийн наймын тоглолтууд хоёрдугаар сарын 2-3-нд, хагас шигшээ тоглолтууд хоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно.


Азийн цомын тэмцээний шувтаргын тоглолт хоёрдугаар сарын 10-нд «Лусаил Айконик» цэнгэлдэх хүрээлэнд болно. Катар улс энэхүү тэмцээнийг гурав дахь удаагаа /өмнө нь 1988, 2011 онуудад/ зохион байгуулж байна. Катарын эрх баригчид тасалбар борлуулснаас олсон орлогыг Израилын халдлагад өртсөн палестинчуудыг дэмжихэд хандивлахаар төлөвлөжээ.


Энэ удаагийн тэмцээнд 24 баг оролцож байгаа бөгөөд тус бүр 4 баг зургаан хэсэгт хуваагджээ. Хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг 1/8 шигшээд шалгарч, тэдэнтэй хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн, тэмцээний шилдэг амжилтыг үзүүлсэн дөрвөн баг тоглоно. 


Хэсгүүдийн оноолт 

A хэсэг: Катар, Хятад, Тажикистан, Ливан

B хэсэг: Австрали, Узбекистан, Сири, Энэтхэг

C хэсэг: Иран, АНЭУ, Хонконг, Палестин

D хэсэг: Япон, Индонез, Ирак, Вьетнам

E хэсэг: Өмнөд Солонгос, Малайз, Иордан, Бахрейн

F хэсэг: Саудын Араб, Тайланд, Киргиз, Оман


Тэмцээний нийт шагналын сан нь 14.8 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн баг таван сая ам.долларын шагнал хүртэнэ. Шигшээд шалгарсан баг 3 сая доллар, хагас шигшээд шалгарсан багууд тус бүр нэг сая долларын шагнал хүртэх юм. Мөн тус тэмцээнд оролцсон бүх багт 200 мянган доллар олгоно.


Цомын төлөөх тоглолтууд Катарын таван өөр хотын цэнгэлдэх хүрээлэнд болно. Нийт 51 тоглолт хийх хуваарьтай. Аль-Раян хотын “Жассим бин Хамад” цэнгэлдэх хүрээлэн, Доха дахь “Абдулла бин Халифа” цэнгэлдэхээс бусад бүх есөн цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд явагдаж байлаа.


Тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн баг бол Японы шигшээ баг юм. Япончууд 1992, 2000, 2004, 2011 онуудад Азийн цомд түрүүлсэн бол Саудын Араб, Ираны багууд гурав удаа, Өмнөд Солонгос хоёр удаа, Австрали, Ирак, Кувейт, Израил улсуудын багууд тус бүр нэг удаа Азийн цомыг өргөжээ.


2019 онд АНЭУ-д болсон Азийн цомын тэмцээнд Катарын шигшээ баг түрүүлсэн юм. Тэгвэл энэ удаад зохион байгуулагч улсын хөлбөмбөгчид цомын төлөө бүх хүчээ дайчилна. 18 дахь удаагийн Азийн цомын тэмцээний хамгийн хүчтэй багуудын тоонд Хён Мин Сон тэргүүтэй Өмнөд Солонгос, 2015 оны аварга Австралийн шигшээ багууд орж байна.




関連ニュース